НАМУУДЫН ЗАСАГ

НАМУУДЫН ЗАСАГ



 
Нам бол ард түмний засгийг нураах бэлэн зэвсэг мөн.
Ж.Вашингтон
XVII-XVIII зуунд Англи, Францад өрнийн десотизмийг хязгаарлах, эсэргүүцэх, парламент ёсыг дэлгэрүүлэх зорилгоор бий болсон хэсэг хүмүүсийн үйл ажиллагааны зохион байгуулалтын үр дүнд нам бий болсон гэж зарим судлаачид үздэг. Нам нь анхандаа нийгмийн идэвхитэй, дээд давхрагынхны хамарсан шинжтэй байснаа XIX зуунд бүх анги, давхрагыг хамрах болжээ.
1920 онд ноёдын, түшмэдийн, ардын гэсэн гурван дугуйлан үүссэн нь хожим Монголд анхны нам (Монгол Ардын Нам) бий болох үндэс суурийг тавьсан юм.
1925 онд Монгол Ардын Нам Коммунизмын үзэл суртлыг намын гол чиг баримжаагаа болгон нэрээ Монгол Ардын Хувьсгалт Нам болгон өөрчилж, үндсэн хуульд “нам бол төрийг жолоодогч хүч мөн” хэмээн тунхаглан засаг төрийн үйл ажиллагааны бүхий л шатанд нам бүхнийг засагласаар даруй 70 жилийг үдсэн юм. 70 жил намыг дахин шүтэх үзлийг манипуляцилж, 70 жил популистуудыг төрөл, төрлөөр бэлтгэн, 70 жил дарангуйллаа намыг дахин шүтэгч, популистуудаараа хавхавчилж, 30 гаруй мянган хүний амийг хороож, 20 гаруй мянган гишүүнчлэлтэй нэг намын дарангуйлал 1990 онд төгсгөл болсон юм. 1992 онд Ардчилсан үндсэн хуулиа баталсанаар олон намын систем бий болж, нам бол төрийг жолоодогч хүчин бус тодорхой үзэл санаан дор сайн дураар нэгдэж улс төрийн харилцааны хүрээнд нийгмийн төлөө ажилладаг хэсэг (бүлэг) хүмүүсийн нэгдэл  болон өөрчлөгдсөн юм.
Ардчилсан нийгэмд засгийн эрх мэдэл намд бус ард түмэнд...
    Ардчилал бол ард түмний засаглал юм. Ард түмэнд засгийн бүх эрх мэдэл байдаг. Тийм ч учраас сонгууль бүх нийтийн, чөлөөт сонгууль байх үндсэн зарчимтай байдаг. Хэрэв хэн нэгэн сонгогчийг сонгогчийн нэрсийн жагсаалтаас хасвал сонгууль хууль бус болдог. Сонгууль хууль бус болох нь төрийн эрх мэдлийг хууль бусаар авсан гэх үндэслэл болох юм. Ардчилал бол бүх нийтийн засаглал юм. Ардчилалд нам засаглахыг хориглодог. Учир нь нам бол бүх нийт биш юм. Монголд 1990 он гэхэд 20000 гаруй гишүүнчлэлтэй байсан МАХН 2 сая иргэнтэй Монгол улсыг захирч байсан шүү дээ. 2 сая иргэнийг 20000 иргэн төлөөлж чадахгүй юм. Тиймээс нам төрийг засагладаг нийгэмд ямагт цөөнхийн эрх ашиг үйлчилж байдаг.
Нам төрийг засаглах үед иргэдэд эрх чөлөө бус дарамт шахалт ирдэг.
Хуучин нийгэмд нам төрийг жолооддог байх үед төрийн эрх мэдэл ард түмэнд бус нам, тодорхой хэсэг бүлэг хүмүүст оршиж байсан. Төрийн эрх мэдэл нэг хүн (деспотист), хэсэг бүлэг хүмүүсийн гарт, тэр тусмаа намын мэдэлд байсан түүхээс сайн зүйлийг нэгийг ч олж харахгүй. Тухайлбал, Монголд 1930-аад онд их хэлмэгдүүлэлт болж, лам хуварга, хөрөнгөтөн, ноёд, буриад гэх мэтээр ялгаварлан гадуурхан шүүхийн шийтгэх тогтоолоор Монголын насанд хүрсэн эрэгтэйчүүдийн 20%-ийг цаазлан хороож, 56938 хүнийг баривчлан эрүү шүүлт тулгасан хар бараан түүх бий. Герман, Италид Гитлер, Муссолини-ийн нацизм, фашизмд сая сая хүн амиа алдсан тоо ч бий.
Социализмд Сталин, Крушевээс Мао Зидун, Фидель Кастро, Уго Чавес, Ху Жинтао гээд нам төрийг захирч байсан их удирдагч нар бүгд дарангуйлагч болж хувирсан байдаг.  Нам төрийг засаглахдаа ихэвчлэн ганц нам дангаар ноёлох хандлага гардаг боловч нөгөө талаар олон намтай үед ч нам төрийг засаглахыг оролдох явдал гардаг. Энэ нь гол төлөв нэг нам, бусад нь дагуул намын системийн үед хэрэгждэг юм.
Ардчилал, Либерализмд социалист нам байх боломжтой.
Ардчилал, либерализмд социалист нам байх боломжтой юм. Социалистууд хэдийгээр либералистуудыг үгүйсгэн, социализмд дан ганц социалист нам байх ёстой гэж үзэж байсан ч ардчилсан нийгэмд үгүйсгэлийг үндэс болгодоггүй юм. Ардчилсан нийгэмд нам бол иргэдийн улс төрийн хүсэл зориг, үзэл баримтлалаа илэрхийлэх эвлэл болдог бөгөөд гагцхүү тэрхүү эвлэл бүх нийтийн, чөлөөт, шударга сонгуульд иргэдийн итгэлийг авсан тохиолдолд ард түмний хяналт дор, засгийн эрх мэдлийг удирдах боломжтой болдог. Гэхдээ үүнд зөвхөн ард түмний хяналтын дор хэрэгжүүлэх боломжтой юм. Тиймээс ямарч үзэл баримтлалыг гол үзэл суртлаа болгосон намууд дээрх ардчилалын үндсэн зарчмыг хүлээн зөвшөөрч буй тохиолдолд нам байх боломжтой болдог. Төрд дангаар ноёлох, нам төрийг засаглах ёстой хэмээн зорилготой байх юм бол мэдээж тэр нам байх боломжгүй юм. Учир нь ардчилал олонхийн систем бөгөөд цөөнхийг хүндэтгэдэг систем төдийгүй нэг хүний эрх, бусдын эрхээр хязгаарлагдах тэгш эрхийн зарчимд тулгуурласан нийгэм тул аль нэг намын хууль бус зорилгыг хориглох шаардлагатай болдог. Либерилизмд Социалист нам байх боломжтойг сонгодог утгаараа харуулсан улс бол Монгол юм. Монгол улсад 70 жил нэг нам төрийг засаглах ёстой гэсэн үзэл сурталжсан нийгмээс засгийн бүх эрх мэдэл ард түмний мэдэлд байх зарчмыг агуулсан ардчилсан нийгэмд шилжих шилжилтэд 70 жил дангаар ноёрхсон МАХНам (Нэрнээс нь хувьсгалт социалист үзэл суртал харагддаг) өнөөг хүртэл оршин тогтносоор байна. 1991 онд МАХН Нагаржунайн филисофийг үндсэн чиг баримжаагаа болгон, 1998 онд Ардчилсан социалист үзлийг үзэл баримтлалаа болгосон социалист нам өнөө хэр оршин тогтносоор байгаа жишээнээс Либерализмд социалистуудыг хориглодоггүйг харж болно. Гэвч энэ нь нам төрийг засаглана гэсэн үг биш. Олон намын системтэй улс орнуудад тийм боломж ч ховор юм. Харин Монголд нам төрийг засагладаг хуучин социалист систем рүү гээ буцаа юудаа гэх хардлага төрсөн юм.
Ардчилалаас социализм руу буцав уу!
Нам төрийг засагладаг байсан нийгэмд засаг захиргааны бүхий л нэгжид МАХН-ын улс төрийн товчоо, хороо, бүлгэмүүд ажиллаж бүхий л нэгжийн шийдвэрийг намын хороогоор урьдчилан хэлэлцэж намын шийдвэрийг гарган, түүнийгээ төрийн шийдвэр болгодог байсан билээ. Төрийн үйл ажиллагааг ил тод нам засагладаг байсан систем нь өнөөдөр зүсээ хувирган ганц нам бус намууд, ил тод бус хаалттайгаар төрийг жолооддог болсон байна. Нам төрийг засагладаг хуучин тогтолцоо руу буцаж буй дараах шинжүүдийг дурьдаж болно. Үүнд:
Дордуулсан долоон өөрчлөлт ба нам засгийн эхлэл.
2000 онд Үндсэн хуульд дордуулсан 7 өөрчлөлт өнөөгийн нийгмийн улс төрийн хямралын эхлэл, намууд төрийг засаглах гэсэн далд санаархалын үр дүн юм. Үндсэн хуульт ардчилалд төрийн эрх мэдлийн хуваарьлалт, хяналт тэнцлийн зарчим бол ардчилалын амин сүнс байдаг. 2000 онд оруулсан нэмэлт, өөрчлөлт нь дээрх хяналт, тэнцлийн зарчмыг алдагдуулсан юм. Хяналт, тэнцлийн зарчим алдагдсан нөхцөлд иргэдийг төрийг жолоодох эрх ямагт хөндөгддөг. Тиймээс тэнд нам бүхэнд хяналтаа тогтоодог. Засгийн газрыг хянах ёстой ард түмний элч УИХ-ын гишүүн нь намын популист болж хувиран улмаар шагнал болгон Засгийн газрын сайд болгох явдал олон тохиолдож байна. Өнөөдөр УИХ-д засгийн газрын гишүүн болж үзээгүй их хурлын гишүүн бараг үгүй болсон нь засгийн газарт хяналт тавих боломжгүй болгодог юм. Учир нь засгийн газрыг шүүмжлэх гэхээр өөдөөс нь таны эхлүүлсэн ажил, танийг ажиллаж байх хугацаанд гэх мэтээр сөргүүлэн бойкотлодог. Иймд 2000 оны өөрчлөлт бол гол шалтгаан юм.
Нам засагладаг нийгэмд засаг захиргааны бүхий л нэгжид намын бүлгийг ажиллуулж байдаг
Монгол улс 1580 гаруй баг, 320 гаруй сум, 130 гаруй хороо, 9 дүүрэг, 21 аймаг, нийслэл гэх мэт засаг захиргааны нэгжүүдэд МАХН үүрээ байгуулан, нутгийн өөрөө удирдах бүхий л шатанд намын бүлгийг байгуулах талаар намын шинэчилсэн дүрэмд тусгажээ. Социалист нийгмийн үед нам засаглах гол үндэс нь нийгмийн бүхий л нэгжүүдэд, засаг захиргааны бүхий л нэгжүүдэд намын үүр, хороо байгуулан, намын үүр хорооны шийдвэрээр бүхий л төрийн ажил, засаг захиргааны шийдвэрүүд гардаг байсан. Баг, хорооны иргэдийн нийтийн хурлын өмнө намын үүр хуралдаж баг, хорооны засаг даргыг сонгох шийдвэрийг танилцуулан популистууд нутгийн өөрийн удирдлагыг иргэдээс намд шилжүүлж байгаа явдал зөвхөн өнгөрсөн системд бус энэ нийгэмд эргэн ирсэнийг баг, хорооны иргэдийн нийтийн хурлаас хар болно. Энэ нь Ардчиллын амин сүнс чөлөөт, шударга сонгуулиар бий болсон Улсын Их Хурлаас, Орон Нутгийн Хурлын шийдвэрийг нам гаргадаг болсон нь төрийн эрх мэдлийг хууль бусаар авч буйн илрэл юм.
Удирдах зөвлөлөөс Их хурлыг удирдах нь
    УИХ-аас хууль хэлэлцэх үед намуудын удирдах болон гүйцэтгэх зөвлөл хуралдан аль хэдүйн УИХ-ын шийдвэрийг урьдчилан гаргасан байдаг. МАХН-ын шинэчилсэн дүрэмд намын бүлэг, намын удирдах зөвлөлийн шийдвэрийг хэрэгжүүлэх, УИХ-ын гишүүд намын бүлгийн шийдвэрийг хэрэгжүүлэх талаар тусгажээ. Энэ нь хуучин нийгмий үед улс төрийн товчоо сайд нарын зөвлөлийн үйл ажиллагаанд чиглэл өгч, сайд нарын зөвлөл түүнийг нь үг дуугүй хэрэгжүүлдэг түүхийг санагдуулам. Нам засгийн эрх мэдлийг булаах (нам засаглах) арга техник нь УИХ-ыг намын бүлгээр дамжуулан удирдах, намын бүлгийг удирдах зөвлөл удирдах явдал юм. Социализмын үед ийм л байсан одоо харин энэ байдал буцан ирж байх шиг байна.
Намын зорилго төрийн эрх мэдлийг авах бус...
    Намын үйл ажиллагааны зорилго, бүтэц, зохион байгуулалтаар нь тодорхойлж болдог. Дээр намын бүтэц, зохион байгуулалтын талаар дурьдсан учир одоо зорилгын талаар өгүүлье. Нам бол төрийн эрх мэдлийг ямар нэг арга барилаар авах гэсэн хэсэг хүмүүсийн нэгдэл биш юм. Ихэнхи хүмүүс намыг төрийн эрх мэдлийг авахын төлөөх бүлэглэлийн өрсөлдөөний байгууллага гэж бодоод байх шиг байна. Нам бол иргэдийн улс төрийн тодорхой үзэл баримтлалаар эвлэлдэн нэгдэж улс төрийн харилцаанд нөлөөлөх зохион байгуулалтын хэлбэр юм. Хэрэв намын зорилго нь төрийн эрх мэдлийг авах, төрийг удирдах эрх байх бол олигархиудын орогнол болдог.
Үзэл сурталгүй нам, ахын захисан захиасаар...
Нам доторх нам
    Ардчилсан хувьсгалыг эхлүүлсэн улс төрийн хүчнүүд Ардчилсан намыг хожим байгуулсан билээ. Тэдгээрийн дотор үзэл суртлын хувьд эсрэг, тэсрэг үзэл баримтлалтай хоёр нам байсан нь Монголын Үндэсний Ардчилсан Нам, Монголын Социал Демократ Нам юм. Тиймээс ардчилсан нам үзэл баримтлалын хувьд хэзээ ч нэгдсэн нэг улс төрийн үзэл баримтлалын дор нэгдэж байгаагүй юм. Ардчилсан намд Ардчилсан социалист үзлийг баримталсан Алтан гадас фракц, Либерал үзлийг баримталсан Ардчилсан хүчний холбооны фракц гэсэн 2 үндсэн томоохон фракц байна. Социалист үзлийг ардчилсан нийгэмд хэрэгжүүлэхийг зорьдог ардчилсан социалист үзэл, либерал үзэлтэй дэр нэгтгээд эдийн засаг, хууль, хүний эрхийн хувьд баримтлах бодлого дээр ижил байр суурьтай байж чадах уу? Ардчилсан намын энэ нэгдэл нь сонгуульд ялалт байгуулах гэсэн явуургүй үйл явдал байсан юм. Нам бол улс төрийн тодорхой үзэл баримтлалыг баримжаалж улс төрийн үйл ажиллагаанд нөлөөлдөг. Гэтэл Монголд байгаа намууд ихэвчлэн сонгуульд ялахыг урьтал болгон нэгдэн нийлж дараа нь бутардаг. Тиймээс Ардчилсан нам улс төрийн үзэл баримтлалаа тогтоож, өөр үзэл баримтлалтай гишүүд нь өөр нам байгуулах замаар намыг шинэчлэх хэрэгтэй юм.
Ахын явсан замаар дүү нь замнах учиртай гэж үү?
    Нам бол нийгмийн хөгжлөө дагаад шинэчлэгддэг динамик хүчин юм. МАХН шинэчилсэн дүрмээ батлаад шинэ бүтэц зохион байгуулалттай ажиллах боллоо хэмээн хаа сайгүй ПР гээчийг ёстой л нэг хийж эхэлсэн. Гэтэл шинэчлэл нь хаана байна. Социализмын үеийн намын бүтцийн зарчмаар ажиллуулж баг, хороо, сум, дүүрэг, аймаг, нийслэлийн МАХН-ын үүр, мөн нутгийн өөрөө удирдах байгууллагын намын бүлэг гэх мэт байгуулан нутгийн өөрөө удирдах ёсыг нам удирдах болсон нь нөгөөх шинэчлэл гээч юм уу? Эсхүл хуучин нийгмийн хоцрогдсон, хаягсан бүтэц, засаглах зарчимдаа эргээд орсон хэрэг үү? Ямартаа ч намын үүрүүд нь төрийн шийдвэрийг гаргаж төрийн ажлыг булааж байгаа нь үнэн. Ихэнх тохиолдолд баг, хороо, сум, дүүрэг, аймаг, нийслэлийн засаг дарга нар тухайн нэгжийнхээ намын үүрийн дарга байгаа нь нууц биш. Харин МАХН-ын энэ л жишгийг АН дагаад, МАХН-ын замналаар яваад байна уу даа. Бүтэц зохион байгуулалтаа өөрчлөн намын шинэчлэл гээч нүсэр бүтэц зохион байгуулалттай болох нь шинэчлэл юм бол нэртэйгээр нь намын дэргэдэх Байгаль орчин, Аялал зуучлалын холбоо, Хууль зүй, дотоодын хэргийн холбоогоо байгуулчихаад төрийн эрх мэдлийг булаацалд.
    Монголд улс төрийн соёл, улс төрийн намын хөгжил ухраад байна уу?, хөгжөөд байна уу? гэдэгт хүн бүр өөр өөрийнхөө дүгнэлтийг өгөх бизээ. Миний хувьд хуучин нийгмийн нам засаг руу Монгол ухарч, будилж явна уу даа гэж харах юм.
    1990 оноос өмнө бид нам төрийг жолоодогч хүчин болж, нам төрийн бүхий л шийдвэрийг гаргадаг байсан бол өдгөө намууд болон хувирч Ардчилсан нам, МАХН бол төрийг жолоодогч хүч болжээ. МАХН, АН төрийн шийдвэрийг удирдах зөвлөлөөрөө гаргаж, намын бүлгээрээ дамжуулан төрийн эрх мэдлийг атгах нь хуучин нийгмийн нам засаг ирсэн юм уу гэлтээ. Улс төрийн энэ явцуурхал нийгэмд хаос байдлыг бий болгож, олигархи бүлэглэл төрийг атгах болжээ. Намууд шинэчлэл нэртэй ангит нийгмийн давхрааг бий болгож байгаа нь Монголд XXI коммунизмыг авчирч байгаа мэт. Тиймээс Монголчууд Ардчилсан төр гэсэн нэрнээсээ татгалзан коммунист төр, нам хэмээн болвол яасан юм. 
   

No comments:

Post a Comment

setgegdel uldeeh

Post a Comment