БАРУУНААС ЗҮҮН ЗҮГ РҮҮ ЗОРЧСОН ТЭМДЭГЛЭЛ

БАРУУНААС ЗҮҮН ЗҮГ РҮҮ ЗОРЧСОН ТЭМДЭГЛЭЛ


Ардчилсан нам либерал нам байсан
Аливаа намыг баримталж буй улс төрийн үзэл суртлын агуулгаар нь коммунист, социалист, фашист, нацист, консерватив, Либерал гэх мэт, улс төрийн чиг баримжаагаар нь зүүний, төвийг сахисан, барууны нам хэмээн ангилдаг. 
Монголд 1920 оны 06 сарын 25-нд анхны нам бүрэлдэн бий болсон гэж үздэг ба ууган нам 1925 оны хурлаараа 1921 оны 3 сарын 1-нд Монгол Ардын Намыг үүсгэн байгуулагдсанаар тооцох шийдвэр гаргасан юм. 1960 оны Үндсэн хуульд “...төр, нийгмийг удирдан чиглүүлэгч хүч бол бүхнийг ялагч Марксист – Ленинист онолыг үйл ажиллагаандаа удирдлага болгодог МАХН мөн.” хэмээсэн нь Монголын анхны нам социалист нам байсныг илтгэнэ. 1990 онд социалист систем нуран бутарсаны дараа МАХН үзэл баримтлалаа 1991 онд Нагаржунайн төвийг сахих үзэл, 1998 онд Ардчилсан социалист үзлийг дүрмээрээ баримтлах болсоноор зүүний чиг баримжаатай нам болсон юм. 
1989 онд Монголд хоёр дахь нам байгуулагдсан нь Монголын Ардчилсан Холбоо юм. Улмаар Монголд Монголын Үндэсний Ардчилсан Нам, Монголын Социал Демократ Нам, Монголын Ногоон Нам гэх мэт олон намууд үүсгэн байгуулагдсанаар Монголд олон намын тогтолцоо бүрэлдэн тогтсон билээ. Эдгээрээс Монголд барууны үзэл суртлыг намынхаа үзэл баримтлал болгосон нам бол Монголын Ардчилсан Нам юм. 1999 онд Ардчиллын төлөөх намууд нэгдэн өнөөгийн Ардчилсан намыг / барууны чиг баримжаатай / байгуулжээ. 
Аливаа намыг зорилго, хөтөлбөр, бүтэц зохион байгуулалт, үйл ажиллагаагаар нь улс төрийн аль чиг баримжааг баримтлаж буйг тодорхойлдог. Барууны, либерал намын хувьд либерализмыг дэлгэрүүлэх зорилгыг үндсэн зорилго болгодог бөгөөд харин сонгуульд ямар нэг аргаар ялахыг чухалчилдаггүй юм. Өөрөөр хэлбэл сонгуульд дэвшүүлэх хөтөлбөр нь либерал үзэл санаанд нийцсэн байхыг шаардаж, ямар нэг аргаар сонгуульд ялахын тулд олонд түмэнд таалагдах уриа лоозонг дэвшүүлэхийг хориглож, классфикаци, зохиомлоор бий болгосон кастын системийн эсрэг байдаг. Нөгөө талаар либерал хөтөлбөр нь эрх ямба, онцгой бүлгийн ашиг сонирхолыг эрхэмлэсэн шинжийг агуулдаггүйгээрээ онцлогтой юм. (Өөрөөр хэлбэл, хүүхэд, эмэгтэйчүүд, ядуучууд гэх мэт ангилан хөтөлбөр дэвшүүлэхийг зорьдоггүй. Учир нь үйлдвэрлэгчдэд зах зээлийн таатай орчин амлаад талхны үнийг 100 төгрөгөнд барина гэж хэрэглэгчдэд хандвал хөтөлбөр утопи болж хувирдаг.) 
Либерал нам нь бүтэц, зохион байгуулалтын хувьд нүсэр аппарат, тодорхой бүлгийн (хүүхэд, залуучууд, эрэгтэй, эмэгтэй гэх мэт) байгууллагуудыг байгуулахыг эрмэлздэггүй, элдэв дарга, эрх ямба бий болгодоггүй.(Өөрөөр хэлбэл, баг, хороо, сум, дүүрэг гэх мэт салбар нэгжийг чухалчилдаггүй.) Либерал намын Үйл ажиллагаа нь намын дотоод ардчиллыг бэхжүүлэхэд чиглэгддэг. Намын гишүүнчлэл, тооны хойноос хөөдөггүй, намын гишүүн, намын дарга нар тэгш эрхтэйгээр үйл ажиллагаанд оролцдог. Альтернатив сонирхолын бүлэг болох фракциудад тэгш эрхийг дүрэмчилдэг төдийгүй аль нэгийг чухалчилдаггүй, фракциудыг хязгаарладаггүй. 
Баруунаас Зүүн зүг рүү аяласан тэмдэглэл
Барууны үзэл баримтлалтай Ардчилсан намын үйл ажиллагаа, намын дотоод ардчилал, үйл явцыг ажиглавал / сүүлийн жилүүдэд баримтлаж буй бодлого, мөрийн хөтөлбөрийг / улс төрийн барууны чиг баримжаанаас татгалзан зүүний үзэл баримтлалтай нам болон төлөвшиж байгааг харж болно. 
Ардчилсан нам барууны үзэл баримтлалаас татгалаж буйг доорхи үйл явцаар нотлохыг зорьлоо.
Харизматик лидерүүд бүрэлдэн тогтсон нь...
Намын дотоод ардчилалд сөргөөр нөлөөлөх хоёр үндсэн шинж байдаг. Нэг дэх нь харизматик лидерээр удирдуулах, хоёр дахь нь олигархи бүтэц, ардчилсан төвлөрөлийг хэт шүтэх явдал юм. Дээрх хоёр шинж нь улс төрийн намыг ардчилсан бус болгож байдаг хамгийн аюултай удирдлага болон зохион байгуулалтын шинжүүд юм.  Ардчилсан намын сүүлийн үеийн үйл явдлыг харвал харизматик лидер, түүнийг даган шүтсэн фракцын либиртинист бодлого анзаарагддаг. Тухайлбал, Намын удирдагчдын нэг нь нам бол төрийн томоохон институт, намын гишүүд эрх эдлэхээс гадна үүрэг хариуцлагатай болох шаардлагатай хэмээн ярилцлага өгсөн нь (25 суваг телевизийн шууд нэвтрүүлгийн үеэр) ардчилалаас ухарсан шинжийг агуулсан юм. Нөгөө талаар Намын удирдагч, ерөнхий нарийн бичгийн дарга нь хэт их эрх мэдлийн төвлөрөлтэй байгаагаар илэрхийлэгдэж байна. Намын ерөнхий нарийн бичгийн дарга, намын дарга нь асуудлыг бие даан шийдвэрлэж, ардчилсан үзлээс ангижсан үзлийг дэмжиж, зарим үед социалист, статист үзлээр аливаа асуудлыг шийдвэрлэж байгаа нь харазматик лидер бүрэлдэн тогтож байгаагийн илрэл болж байна. Гэвч мэдээж МАХНамтай харьцуулвал харазматик лидер бүрэлдэн тогтох үйл явц дөнгөж эхэлж байна. Цаашлаад намд дотоод ардчилал үгүй болж монакрат тогтолцоо бүрэлдэхгүй гэх баталгаа үгүй ба харазматик лидер төгөлдөрших боломжтой юм. (Чингэлтэйн нөхөн сонгуулиас харахад намын удирдлага бүхий л үйл явцыг гартаа аван бүр нэр дэвшигчийн эрхэнд бүдүүлгээр халдсан тохиолдол гарч байв)   
Олигархи бүтэц,брюкрат тогтолцоо...
Судлаач Ричард Катц, Петер Мейр нар “Олигархи бүтэцтэй удирдлага тогтох хандлага ардчиллын ахицтай цөөн улсуудын дунд ажиглагдсан ба тэдгээр нь өөр намуудтай өрсөлдөх бус хуйвалдах замыг сонгодог байна” хэмээжээ. Монголд олон намын тогтолцоо бий болсон ч хуучин нийгмийн хатуу зохион байгуулалт бүхий загвар өнөө хэр бат бэх оршин тогтносоор байна. Ардчилсан намын бүтцэд нийгмийн тодорхой бүлэглэлүүдийн (Оюутны, Эмэгтэйчүүдийн, Залуучууд гэх мэт) байгууллагууд бий болж, Засаг захиргааны нэгж бүрт намын салбар байгууллагууд байгаа нь олигархи, брюкрат тогтолцооны хэв шинж юм. Энэ бүтэц, зохион байгуулалтын зорилго нь сонгуульд ялалт байгуулах явдал юм. Либерал нам сонгуульд ялалт байгуулах явдлыг хэзээ ч нэгдүгээрт тавьдаггүй. Учир нь либерал нам либерал зарчмыг нэгдүгээрт тавьдаг юм. Харин өнөөдрийн Ардчилсан намын үйл ажиллагаа, бодлогыг харвал сонгуульд нэгдүгээрт тавигдаж буй нь анзаарагдаж байна. Баг, хороо, сум, дүүрэг, аймаг, нийслэл гээд Монгол улсын засаг захиргааны нэгж бүрийн дэргэд байнгын ажиллагаатай намын бүтцийн байгууллага байгаа нь хуучин нийгмийн зохион байгуулалтын хэлбэр төдийгүй нутгийн өөрийн байгууллагын гаргах шийдвэрт намын бүтцийн байгууллага нөлөөлж, нэгж бүрт намын бүлэг байгаа нь өнөөх л нам төвт төрийн тогтолцоог дэмждэг ардчилсан бус намын бүтэц юм.  
Хуйвалдаан...
“Ардчилсан институт маань улс төрийн болон хүнд суртлын дээдсүүд хоорондоо наймаа хийх гэсэн ардчилсан бус үйл явц үүсгэдэг” Роберт Даль хэлсэн байдаг. Либерализмд сонгуулийн үйл явц, ард түмний санал өгөх эрхэд ямар нэг хэмжээгээр оролцохыг хатуу хориглодог. Өөрөөр хэлбэл сонгуулийг шударга явуулах, либералын намын хувьд өөрсдөө шударга оролцохыг ямагт эрмэлздэг. Ардчилал бол ард түмний засаглал учир ард түмний энэ эрхэнд халдахыг хориглодог юм. 2009 онд болсон Чингэлтэй дүүргийн нөхөн сонгуулиар Ардчилсан намын удирдлага, МАХН-ын удирдлагуудын хооронд тохиролцоо бий болсон талаар судлаачид үздэг. Ардчилсан нам нэр дэвшигчийнхээ сонгуулийн сурталчилгааг хоцруулах, зарим талаар замхруулах зарим ажиллагааг явуулж байсныг хэлэх нь зүйтэй болов уу. Нөгөө талаар намын ерөнхий нарийн бичгийн дарга нь нөхөн сонгуулийн Штабын даргаар ажиллаж, бүх шийдвэрүүдийг нэр дэвшигчийн саналыг харгалзахгүй шийдэж байсан нь хуучин социалист нийгмийн нэр төдий сонгуулийг санагдуулам. (Энэ дашрамд хувь хүнийхээ зүгээс Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн дарга Б.Эрдэнэбатыг зарим талаараа ардчилсан бус үзэлтэй, өөрийн үзлийг бусдад тулгах шинжтэй санагдсаныг нуух юун) Нөхөн сонгуульд нэр дэвшигчийн менежерээр оролцох явцад нам бүхэлдээ нэр дэвшигчийн маань эсрэг ажиллаж байх шиг сэтгэгдэл төрсөн нь намын дээгүүр наймаа хийгдсэн бодол өөрийн эрхгүй төрсөн учир ийн дүгнэлээ. Ард түмний засаглал барих эрхийг нам шийдэх эрх байхгүй. Либерал нам өөрөө энэ үйл явцыг туйлын хатуу хориглодог. Ямар ч нөхцөл байдал үүссэн бай хувь хүний эрхийг хөндөх нь социалист арга барил юм.
Стандарт бус...
2008 оны УИХ-ын сонгуулийн дараа МАХН олонхи болсон юм. Ардчилал, Либерализм олонхи болсон нам нь засгийн газраа байгуулах үүрэгтэй бөгөөд энэхүү үүргээ олонхи болсон нам ч зөрчих эрх байдаггүй билээ. Учир нь сонгууль бол тэмцээн биш. Тэмцээнд ялсан баг ялалтаасаа ухрахыг зөвшөөрдөг ч сонгуульд ард түмний сонголтыг олонхи болсон нам ч үгүйсгэхийг хориглодог. 
Стандарт бус шийдвэр ямагт хууль бус байдаг. 2008 оны сонгуулийн дараа МАХН-аас ардчилалд байж боломгүй ард түмний эрхийг зөрчсөн шийдвэр гаргасан юм. Гэвч асуудлын гол нь шийдвэр гаргасан намд бус шийдвэрийг хүлээн авсан намд асуудал оршиж байгаа юм. Учир нь шийдвэр гаргасан нам бол ардчилсан социалист нам байсан бөгөөд нөгөө нийгмийн ардчилал, нийтийн эрх ашгийн төлөөх гэсэн худал үгсээрээ хавхавчлан шийдвэрээ тайлбарлаж болно. Ардчилсан социалист нам тул тийм ч эрхтэй билээ. Харин Ардчилал, либерализмыг гол үзэл баримтлалаа болгодог Ардчилсан нам Ардчиллын үндсэн зарчмаас гажуудсан, хууль бус энэхүү шийдвэрийг гараа тосон угтан авсан нь энэ нам либерал нам биш гэдгийг нотлон харуулсан нэг үйлдэл болсон юм. Эвслийн засгийн газрын ерөнхий сайд С.Баяр албан тушаалаасаа сайн дураар огцорч, засгийн газрыг шинээр эмхлэн байгуулсан үйл явц нь өнөөх стандарт бус шийдвэр, үйл явцын үргэлжлэл болсон бөгөөд Ардчилсан нам хоёр дахь удаагаа стандарт бус шийдвэрийг уухайн тас хүлээн авсан нь нэгийг бодогдуулах буйзаа.
Намын хөтөлбөр ба сонгуульд ялах манипулятив амлалт...
2004 оны сонгуулийн мөрийн хөтөлбөрөөс эхлээд намын хөтөлбөр бүхэлдээ буянлаг төрийн үзэл суртлыг сурталчилах болов. 2008 оны сонгуульд элдэв төрлийн халамжийн амлалтуудыг өргөн барьсан нь буянлаг төрийг дээдэлдсэн сонгуулийн манипулятив амлалтын оргил үе болсон юм. Энэ нь нам сонгуульд ялах зорилгыг үндсэндээ нэгдүгээрт тавьсан гэсэн үг. 2008 оны сонгуульд эрдэнийн хувь, хүүхдийн мөнгө гээд зарим тохиолдолд ор бүтэхгүй зүйлийг мөрөөдлийн гэмээр дэвшүүлсэн манипулятив шинжийг агуулсан гэхэд хэлсдэхгүй болно. Ард түмний тархийг угаасан, сонгуульд ялах гэсэн мөрийн хөтөлбөрт либерал бодлогын үүднээс шүүлтүүр хийвэл ганц хоёр л шүүлтүүр тунаж үлдэхээр байсан юм. Намын үндсэн зорилго сонгуульд ялах юм бол нам тодорхой үзэл суртлаар яах билээ. Шулуухан л нэрээ солих хэрэгтэй. Өнгөн дээрээ ардчилал, либерализм хэмээн ард түмний тархийг угааж, цаанаа олигархижсан бодлогыг баримтлах нь лав Ардчилсан үзэл баримтлалтай намын үйлдэл биш юм. 
Ардчилалгүй Ардчилсан нам одоо яах вэ?
Намын дотоод ардчилал гээч хүчин мөхөсдсөн энэ үед намын шинэтгэлийг өнгөн нэрээр бус салбар, нэгж бүрт хийх хэрэгтэй. Намын бүтэц, зохион байгуулалтаас эхлээд хүний нөөцийн бодлого, дүрэм, журам гээд бүхнийг шинэтгэх хэрэгтэй. Хамгийн түрүүнд хуучин нийгмийн бүтцээс ангижирч, харазматик удирдлагын хэв маягаас татгалзаж намын гишүүн бүр эрх тэгш байх, намын дотоод ардчилал, санхүүжилтын ил тод байдлыг нээлттэй болгох, тайлагнах систем гээд бүхлээр нь шинэчлэхгүй бол энэ нам өнгөн дээрээ ардчилсан нэртэй ардчилалгүй нам болон хувирахад бэлэн болчихсон байна. Нөгөө талаар фракцуудын үйл ажиллагааг дэмжин, хязгаарлах бодлогоосоо татгалзаж, салбар нэгжүүдэд байгаа хүний нөөцийн бодлого, намын үйл ажиллагааны бодлогоо эхнээс тодорхойлж, либерал ардчилалд тулгуурласан шинэчлэлийн эхлүүлэх шаардлагатай байна. Ингэж чадахгүй бол Ардчилсан нам он жилүүдийн нугачаанд Ардчилалыг үгүйрүүлсэн, хүмүүст ардчиллыг буруу танин мэдэхэд хүргэх аюултай билээ. 

No comments:

Post a Comment

setgegdel uldeeh