Төр зах зээлд хутгалдвал өлсгөлөн, ядуурал угтдаг
Социалистууд нийгэм дэх үйлдвэрлэлийг юу хамгийн үр дүнтэй болохыг тооцоод гаргачихдаг инженерчлэлийн асуудал мэт үздэг. Людвиг Фон Мизес
Зах зээл бол инженерчлэлийн тооцоолол биш. Зах зээл бол үйлдвэрлэгч, хэрэглэгчдийн хоорондын худалдах, худалдан авах харилцаа юм. Үйлдвэрлэгчид хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээ, худалдан авах чадварыг тодорхой мэдээллийн үндсэн дээр тооцоолон үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнээ боловсруулдаг. Үйлдвэрлэгчдийн мэдээллийн систем бол чөлөөт зах зээлийн нийгэмд үнийн систем болдог. Харин социализмд тэрхүү хэрэглэгчдийн хүсэл зоригийг илэрхийлсэн мэдээллийн / үнийн / систем байдаггүй юм.
Социализм зах зээлийг инженерчлэж, үнэ, үйлдвэрлэлийн хэмжээг төрөөс тогтоосноороо тооцооллын систем ажиллана гэж үздэг. Гэвч хүний хүслийг тооцоолох боломжгүй юм. Зах зээл бол хязгааргүй хэрэгцээг хязгаарлагдмал нөөцөөр хангах эдийн засгийн нэгэн институт билээ. Тийм байтал хүний хүслийг тооцоолж, түүнд нь тааруулсан бүтээгдэхүүнийг яаж үйлдвэрлэх билээ. Социализмд төр зах зээлийн үйл ажиллагаанд оролцож хэрэглэгчдийн худалдан авах чадварыг тэгш байлгахыг зорьдог. Гэвч хүний хүслийг тэгшитгэж / эгалитари / болохгүй.
Өнөөдөр дэлхийн нийтэд чөлөөт зах зээлийн тогтолцоо үйлчилж байна. Тэд хэрэглэгчдийнхээ эрэлт, хэрэгцээг судлан хэрэглэгч бол хаан гэсэн уриатаагаар бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж байна. Төвлөрсөн төлөвлөгөөт зах зээл нь хэрэглэгчдэд тулгуурласан бус нийгмийн тодорхой институтэд тулгуурласан үйлдвэрлэлийн бодлого баримталдаг нь дэлхий дахинд хоцрогдлыг авчирсан билээ. Өнөөдөр төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засаг, зах зээлийн эдийн засгийн талаарх маргааныг хэн ч дэгдээхгүй байх. Учир нь төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн системийг хэрэглэж байгаа улс орнуудад иргэд бус төр нь данхайж, өлсгөлөн ядууралтай нүүр тулаад байгаа билээ. Социализмд иргэд аскетизмтай / өөрийнхөө хэрэгцээг хязгаарлаж, хатамжлах маягаар амьдрах / нүүр тулдаг. Тэд өөрийнхөө хүсэл зориг, хэрэгцээгээ хязгаарлан хатамжилсанаараа эдийн засгаа дээшлүүлнэ гэж үздэг.
Монгол зүйр үгэнд Иргэн баян бол төр баян гэсэн үг бий. Харин эдийн засаг бол хязгааргүй хэрэгцээг хязгаарлагдмал нөөцөөр хангах явдал юм. Дээрх хоёр үгнээс логик гаргалгаа гаргавал иргэн хязгааргүй хэрэгцээгээ хязгаарлах нь нөөцийн илүүдэлд хүргэдэг. Мао зидунь төмөрлөгийн илүүдэл нөөцийг бий болгосоноороо 1 сая хятад иргэд өлсгөлөнгөөр нас барж байсныг санах хэрэгтэй. Иргэд хэрэгцээгээ хязгаарлах аваас хязгаарлагдмал нөөц баялагтай болж, иргэн баялаг бүтээгч бус болно. Ийм л учраас социализмд баялаг бүтээгч иргэн гэсэн ойлголт байдаггүй. Социализмд иргэд нь баян бус төр нь баяждаг. Харин ядууралд автаж байгаа иргэддээ халамжийн бодлого баримталдаг. Ийм учраас төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засагтай улс орнуудад ядуурал аянга цахилгаан мэт нүүрлэдэг.
Монгол улс 1992 онд Ардчилсан нийгмийг байгуулсан. Гэвч өнөө хир хувьчлал явагдахгүй, зах зээлийн үндсэн мэдээллийн систем болсон үнийг төрөөс зохицуулж байгаа нь ядуурлаас гарахгүй байгаагийн нэг шалтгаан болж байгаа юм. Социалистууд үнийг барихгүй бол үйлдвэрлэгчид тэнгэрт тултал нь үнэ хөөрөгдөөд харин ч их ядууралд орно гэж айдаг. Тийм ч учраас тэд үнийг зохицуулахыг оролддог. Харин ч энэ нь буруу юм. Үнийг хэт хөөрөгдвөл үйлдвэрийн нөөц илүүдэлд гарч тухайн эрэлт хэрэгцээ буурна гэдгийг ямарч эдийн засагчид мэддэг. Үнийг хэрэглэгчдийн нөөц боломжинд тааруулж тогтоож эс чадвал үйлдвэрлэгчид өөрсдөө дампуурахад хүрдэг. Харин төр үнэ тогтоох үйл явцад оролцвол үйлдвэрлэгчид, хэрэглэгчид хоёрын дунд хаалт болдог. Хаалтны хоёр талаас бие биенээ таньж мэднэ гэдэг хэцүү. Социалистууд мэдээллийн системийг устгах нь зах зээлд хортойг мэддэггүй. Монголд өнөөдөр яг ийм л байдалд хүрчихээд байна. Монголын төр Интервенционист бодлого баримтлаж байгаа нь ядуурал өдрөөс өдөр ирэх тусам газар авах үндсэн шалтгаан болж байгаа юм.
Засгийн газар Интервенционист / Социализм, Капитализмын хоорон дахь зам, нийгмийн зохион байгуулалтын гуравдахь арга гэж өөрсдийгөө тодорхойлдог. Засгийн тогтоолоор зохицуулж, хянан шалгаж, чиглүүлж байдаг хувийн өмчийн систем / бодлого баримталж байгааг хэд хэдэн үйл явдлууд гэрчилж байна. Төр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тогтоосон, хувийн бизнессменүүдийн гаргасан хохирлыг төр хариуцсан, өргөн хэрэглээний бараа болон бусад бараа бүтээгдэхүүний үнийг тогтоосон, барилгын салбарт хөндлөнгөөс оролцсон, хувийн хэвшлийг өөртөө нэгтгэсэн, нүсэр төсөв, бүтэц бүхий засгийн газрыг хөхүүлэн дэмжсэн, халамжийн систем нь өргөжсөөр байгаа гээд тоочвол маш олон Интервенционист, этатист социалист маягийн бодлогыг хэрэгжүүлж байна. Иймээс товчхон хэдхэн жишээг дуръдая.
1. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тогтоох.
Нэрт эдийн засагч Людвиг Фон Мизес “Ажил олгогчид, ажилчдын хоорондын харилцаанд хөндлөнгөөс оролцохгүй, үйлдвэрчний эвлэлийн зүгээс албадлагын арга хэмжээ авахгүй байвал хөдөлмөрт ногддог цалин хөлс, үйлдвэрлэлийн үйл явцад уг хөдөлмөрийн нэмсэн үнэлэмжийн өсөлттэй яг тэнцүү байдаг” хэмээжээ. Зах зээл бол өрсөлдөөн. Өрсөлдөөнд хүний нөөцийн бодлогыг зөв тодорхойлж ажилчны тогтвор суурьшилтай, бүтээмж өндөртэй ажиллуулах үйл явцыг хүний нөөцийн систем бүрдүүлдэг. Мэдээж цалин, урамшуулал багатай, тэдгээр нь амьжиргаанд нь хүрэхгүй бол өрсөлдөгч өөр нэг компанид ажиллах болно шүү дээ. Тиймээс л тухайн компани ажилчдынхаа цалинг тооцох, хүний нөөцийн системээ бүрдүүлэх хэрэгтэй гэж чөлөөт эдийн засагт үздэг. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг бүрдүүлэх нь инфляци бий болгож, бүтээмжийг бууруулдаг нь судалгаанаас харагдсан байдаг. Ер нь бол хөдөлмөр бол өөрөө зах зээл учир төр хөндлөнгөөс оролцох нь ажилгүйчүүдийн тоог нэмэгдүүлэх нэг алхам болдог. Дээр өгүүлсэнчлэн зах зээлийн мэдээллийн систем болсон үнэ / цалин /-ийг тогтоох нь үл ойлголцлыг бий болгодог. Монгол улсын сүүлийн 5 удаагийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тогтоосон байдлыг танилцуулж байна.
• 1998.01.01-ээс ХХДХ-ээг 1 цагийн 71 төгрөг 01 мөнгө
• 2004.03.01-ээс ХХДХ-ээг 1 цагийн 236 төгрөг 68 мөнгө
• 2005.07.01-ээс ХХДХ-ээг 1 цагийн 251 төгрөг 48 мөнгө, сарын 42500
• 2007.10.01-ээс ХХДХ-ээг 1 цагийн 535 төгрөг 71 мөнгө, сарын 90000
• 2008.01.01-ээс ХХДХ-ээг 1 цагийн 642 төгрөг 85 мөнгө, сарын 108000 болгосон шийдвэрүүдийг гаргаж байсан байна.
Монголын Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимаас 2008 оны 10 сард дараах санал зөвлөмжийг Засгийн газарт санал болгосон байна. Үүнд:
• Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тогтоохгүй байх. Инфляцийн түвшин өндөр бус, инфляц нь зардлын хүчин зүйлсээс ихээхэн хамааралтай манай улсад хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тогтоох нь их төлөв инфляц хөөрөгдөх хүчин зүйл болдгийг өнгөрсөн жилүүдийн туршлага, сургамж харуулж байна. Тэр тусмаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тогтоох, төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлэх нь эдийн засгийн, зөвшилцөл дээр суурилсан гэхээсээ илүү улс төрийн хүчин зүйлс, тодорхой намын сонгуулийн бодлого ой холбогдож ирсэн нь нэгэнт илэрхий зүйл билээ.
• Хэрэв хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг үнэхээр тогтоох эдийн засгийн болон нийгмийн бодитой бөгөөд онол, практикийн хувьд маргашгүй үндэслэл байгаа гэж нотолбол түүнийг бүс нутгаан ялгавартай тогтоох нь хувийн хэвшилд төдийгүй нийт ажилтнуудад ач холбогдолтой, бодит байдалд зохицсон механизм болж чадна.
Социалистууд Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тогтоохыг оролддог. Ингэсэнээрээ ядуурлыг багасгана гэж үздэг. Социалистууд зах зээлд хөндлөнгөөс оролцохдоо улс төрийн шийдвэр гаргадаг. Тэд бизнесс, зах зээлийг мэддэггүй. Учир нь ямарч бизнессмен хүн хэт бага цалингийн системээр бизнесст амжилт олохгүй гэдгийг анхнаасаа мэддэг. Тиймээс зөв төсвөөр, зөв цагт, зөв хүнийг авч ажиллуулахыг зорилгоо болгодог. Сайн бизнесс бол ажилтнуудынхаа сэтгэлзүйн орчноос хамааралтай гэдгийг Япон Тоёота Митцибуши компани нотолсон байдаг. Бодоод үздээ үйлдвэрлэх боломжийн хэрээр ажиллах хүч авч ажиллуулж, түүнийхээ хэрээр тохирсон цалин хөлс олгож чадахгүй бол тэр компани дампуурдаг. Социалистууд эрсдлээс айдаг гэвч эрсдэлгүй бизнесс, эрсдэлгүй амжилт гэж хаана ч байхгүй. Монгол улс өнөөдөр Интервенционист бодлого баримталж буйн жишээ нь энэ. Ардчилсан нийгэмд социализмыг хэрэгжүүлнэ гэсэн эндүүрлээ одоо салах хэрэгтэй.
2. Барилгын салбарын үнийг тогтоох / 4000 айлын орон сууц /
Бизнесс бол өрсөлдөөн. Хоёр хүн уралдаж байхад нэгэнд нь дугуй, нөгөөд нь гав өгч болохгүй. Төр зүгээр хөндлөнгөөс аль нэг нь хууль зөрчиж байна уу? үгүй юу гэдгийг хянах л хэрэгтэй. Би хянах гэдэг шалгаад, салгаад, дампууруулаад гэж хэлээгүй шүү. Учир нь хяналт гэдэг бол хөндлөнгөөс ажих гэсэн утгатай үг шүү дээ. Капиталыг бизнессмен, иргэд бүтээдэг болохоос төр биш. Өнөөдөр төрийн хийж буй ажлыг харахаар Монгол улсыг сүйрүүлэх, дампууруулах, иргэдээ ядуурал руу түлхэх ажил хийгээд байгаа мэт харагдах юм. Барилгын салбарынхан авилгал , хахуулийн мөнгөө байрны үнэнд оруулж байрны үнэ тэнгэрт хадсан. Угтаа зах зээлийн жамаар бол үнэ буурах үзэгдэл явагдахын өмнө Барилгын салбарт төрөөс 400 гаруй тэр бум төгрөгийн зээл олгосон. Барилгын үнэ буурсангүй, авилгал ч буурсангүй. Зах зээлийн жамаар буруу шийдвэр гаргаж, хууль зөрчин авилгал өгч, түүнийхээ үнийг тэнгэрт тултал тавьсан үнийн мэдрэмжгүй компани нь дампуурах ёстой байдаг. Ингэснээрээ Барилгын компаниуд хаа сайгүй, хүмүүсийн эрэлт хэрэгцээнд тулгуурлаагүй, үнийн систем буюу мэдээлэлд тулгуурлаагүй үйлдвэрлэл явуулахаа зогсоож хэрэглэгчдийн боломж бололцооны хэрээр үйлдвэрлэлээ явуулах боломжийг эрэлхийлдэг болдог. Ингэснээрээ иргэд байр авах боломжтой болж, барилгын салбар дампуурлаас ангижрах ёстой байдаг. Одоо дахин Барилгын салбар нэг удаа төр даасан одоо дахин даах ёстой гээд төрийн албан хаагчдын 4000 төсөл бариад ороод ирж байна. Барилгын салбарт 500 гаруй тэр бум төгрөг гацаад байгаа гэнэ. Энэ явдлыг хараад барилгын салбар яг Мао Зидунь шиг хэт их бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн гэсэн дүгнэлтэд хүрсэн юм. Өөрөөр хэлбэл барилгын компаниуд хэрэглэгчдийн боломжинд тулгуурлаагүй, зах зээлийн жамаар яваагүйг хэлж байгаа юм. Ийм учраас Барилгын салбар цаашид ч дампуурна. Учир нь төр хатамжлах Интервенционист бодлогоо зогсоогоогүй цагт барилгын салбар уналтанд байсаар байна. Иргэд байр авч чадахгүй хэвээр л байр, төр ч ядуурна бүгд ядуурна. Би үүнийг л хэлээд байгаа юм. Төр хатамжлах бодлого явуулах, зах зээлд хөндлөнгөөс оролцох нь иргэдэд, үйлдвэрлэгчдэд, капиталыг бүтээгчдэд, төрд хортой. Гагцхүү төрийн шийдвэр гаргаж буй тодорхой хэдэн улс төрчдөд ашигтай. Үүнийг л Олигархи гээд байгаа юм шүү дээ.
3. Эрсдэл, хохиролыг төр хариуцах тухай хууль гаргасан.
2009 онд эдийн засгийн хямрал эхэлж Монголын банкны салбарт ихээхэн том цохилт болсон гэж үздэг юм. Төр Банкны баталгааг дааж, эрсдлийг хариуцах болсон шийдвэрийг УИХ-аас гаргасан нь төр бизнессийн ашиг сонирхолын шийдвэр гаргалаа гэсэн хардлага төрүүлсэн юм. Төрийн үүрэг бол иргэдийн эрх чөлөөг хамгаалах явдал болохоос хувийн бизнессийн эрсдлийг хамгаалах явдал биш. Анод, Зоос дампуурсан үйл явцыг харвал эдийн засгийн хямрал гэхээсээ илүүтэй банкны удирдлагуудын хууль бус үйлдлээс болсон байдаг. 2008 оны сонгуулиар банкны тухай хууль болон холбогдох хууль, журмуудыг зөрчин хэт их зээлийг улс төрчид, бизнессменүүдэд төвлөрүүлэн өгсөнөөр чанаргүй зээлийг бий болгож, чанаргүй зээл нь дампуурлын шалтгаан болсон байдаг. Зөвхөн 2 банкны дампуурал нь 300 гаруй тэр бум төгрөгний алдагдлыг улсын төсөвт авчирсан. Төр хууль зөрчсөгсдийн хохирол төлдөг байгууллага биш. Хууль зөрчсөн үйлдэл бүрийн учирсан хохирлыг төр төлөх ёстой юм бол Говь-Алтайд гарсан малын хулгайн хохирлыг гэмт этгээд бус төр төлөх ёстой. Энэ их энгийн ойлголт хууль зөрчсөн үйлдэлд ялгаа байдаггүй. Хууль зөрчсөн бол хууль зөрчсөн их багын ялгаа гэж үгүй. Гэтэл төр энэ нь их, тэр нь бага гэсэн байдлаар асуудалд хандаж болохгүй. Би төрийг хохирлыг, эрсдлийг даах ёстой гээгүй. Гагцхүү хэрэв банкны эрсдэл, хадгаламж зээлийн хоршооны хохирлыг төр хариуцах ёстой бол бусад хохирлыг ч мөн адил хариуц гэж байгаа юм. Фредрих Бастиа “Хууль” бүтээлдээ: Хуулийг луйвар болгогчид хуульчлагдсан тонуул хийдэг тухай өгүүлсэн байдаг. Этатист Социализм ийм л үр дүн авчирдаг. Өнөөдөр тийм л замаар яваад байгаа учир банк, хадгаламж зээлийн хоршооны хохирлыг төр дааж байгаа юм. Социализмд үйл явдалдаа хууль захирагддаг. Харин эрх зүйт төрд хуульд бүхэн захирагддаг үүнийг санаж Монгол улс 1992 онд аль замаар явах шийдвэрийг гаргасаныг бодох хэрэгтэй.
4. Хяналт шалгалт, татвар, төсвийн увиагүй систем
Угтаа хяналт шалгалт гэдэг нь хууль зөрчсөн эсэхийг хянах хяналт юм. Зах зээлийн нийгэмд хяналт шалгалт нь хувийн бизнесс үйл ажиллагаанд саад учруулахгүй байхыг зорилго болгодог. Гэвч өнөөдөр Монголд жижиг дунд үйлдвэрлэл, бизнесс эрхлэгчдэд бизнесс эрхлэх боломжийг төр олгодоггүй. Иргэн бизнесс эрхлэхийн тулд төрийн албаны хаалгыг 1 сар түүнээс илүүтэй сахих, бизнесс эрхлэж байх явцдаа хэдэн арваар нь тайлан тэнцэл, баримт бичиг бүрдүүлдэг. Бизнессменүүд зах зээлд өрсөлдөх хамаг цагаа төрийн нүсэр аппаратын өмнө яаж бизнесс явуулах гэж буйгаа тайлагнахад зарцуулдаг. Угтаа төрийн үндсэн үүрэг бол иргэдийн эрх чөлөөтэй байх эрхийг хэрэгжүүлэх. Тэд иргэдийн шударгаар мөнгө олох, бизнесс эрхлэх боломжийг олгох ёстой. Гэтэл төр Патернализм болж хувирсан байна. Иргэд төрд хүүхэд нь гадаа тоглохын тулд тоглох хамаг цагаа ааваасаа гуйж, юу хийх гэж байгаагаа нэг нэгэнгүй тайлбарлан зогсож буй нялх үр шиг л харагдаж байна. Патерналист төрийн бодлого татварын өндөр дарамт учруулдаг. Иргэд мөнгө олох нь буруу болж эхэлдэг. Мөнгө их олвол их л татвар төлнө. Робин Гүүд гээд хүүхэлдэйн киног хүн бүр үзсэн байх. Хүүхэлдэйн киноны ахмад бол яг л төрийн албан хаагчдын өнөөгийн нүүр царай, мэдээж хаан нь төр шүү дээ. Бодоод үздээ та өнөөдөр 100 төгрөгний орлого олсон бол нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгал, хүн амын орлогын албан татварт хамаг орлого чинь явчихна, худалдан авсан бараа бүхэнд чинь НӨАТ шингэсэн байна. Татвараар хэдэн зуун тэр бумыг төр төсөвт төвлөрүүлээд түүнийхээ талыг нь буцаагаад халамжийн системээр тараачихна, үлдсэн талыг нь нүсэр бүтэц бүхий захиргааны зардалдаа шингээнэ. 2010 оны төсвийн нийт зарлага 2,785.4 тэр бум болж нийт алдагдал 358.6 тэрбум төгрөгт хүрсэн нь Патерналист, буянлаг / Welfare state / төрийн бодлогыг харуулж байгаа юм. 1980-аад онд Корпоратист болон Патерналист буянлаг төрийн бодлого нь эдийн засгийн томоохон алдагдалд хүргэж ажилгүйдэл, ядуурлын түвшин эрс нэмэгдсэн Шинэ Зеландыг бид санаж байгаа байх. Мөн 1980-аад оны АНУ, Англи гэх мэт өөр олон жишээг дурьдаж болох юм. Хууль тогтоогчид өөрсдөдөө төсөв хуваарьлан дахин сонгогдох увиагүй бодлого баримтлаж, хүч түрэмгийлэн шийдсэн нь 1960-аад оны ЗХУ-ыг санагдуулам. Энэ мэт төр зах зээлийн үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцох / этатист /, их татвар, их халамж / Буянлаг төрийн үзэл /-ийн бодлого баримтлах нь Ардчилсан, чөлөөт зах зээлийн системээс ухарч, Социал демократ нийгмийг чиг шугамаа болгож Азийн авторитари капитализмыг бүтээх эрин үе рүүгээ яваад байх шиг.

