АРИСТОТЕЛИЙГ ӨМӨӨРӨХҮЙ

АРИСТОТЕЛИЙГ ӨМӨӨРӨХҮЙ
Боолчлол бол жам ёсны үзэгдэл Аристотель
Нийгэм хөгжих, хувьсахын хэрээр шинжлэх ухааны олон олон үзэл санаанууд, филисофийн чиглэл урсгалууд бие биенээ үгүйсгэсээр хорин нэгдүгээр зуунтай золгоод байна. Өрнө, дорно өөд өөдөөсөө соёл, зан заншил, эрдэм мэдлэгээ солилцох болсон энэ л үед туйлшрал зах хязгааргүй тэнгис мэт заримдаа үзэгдэнэ. Эртний грек, ромын сэтгэгчдийн үзэл санаа, онч мэргэн үгсээр өөрийгөө цэнэглэж, улс төр, хууль хоёрыг судлаж яваагийн хувьд зарим нэг туйлшралтай нүүр тулан үзэл бодлоо илэрхийлэхээс өөр аргагүйд хүрсэн юм. Интернет, вэб хуудас гарчиглаж суутал Аристотелийг өмөөрөхүй гэсэн гарчигтай нэгэн нийтлэл харагдлаа. Сонирхон уншвал Боолчлол бол жам ёсны үзэгдэл хэмээн Аристотель хэлсэн байдаг. Магадгүй түүний ч зөв биз эрдэм мэдлэггүй хүмүүс нийгэмд боолчлогддог, харин нийгэм үргэлж хөдөлмөр, оюун ухаантнуудад сөхөрдөг гэсэн туйшралыг уншаад боолчлолын талаарх өөрийн үзэл бодлоо хуваалцахыг зорьлоо. Аристотель “Аз жаргал бол төгөлдөржсөн сайн сайхан бөгөөд зорилго мөн учраас тэр нь хүүхдэд бус харин амьдралыг элээж үзсэн, бие санаа гүйцсэн хүнд оногддог” хэмээгээд хүнийг амьдралынх нь төгсгөлд аз жаргалтай байлаа гэж хүлээн зөвшөөрөх хэрэгтэй гэж үзэж байв. Сайн үйл бол шилдэг сайн төрх төлөв юм. Харин шилдэг сайн төрх төлөв бол уужим сэтгэл, сэтгэл хөөрлөө удирдах чадвар, өгөөмөр сэтгэл, зохимжийг мэдрэх, даруу зан, алиа зан гэх мэт ёс суртахуун бүтээлдээ шилдэг зан төрхийн талаар дурьдсан байдаг. Аристотель логикийн хэд хэдэн алдаа гаргасан байна. 1. Аз жаргал сайн үйл мөн. Гэвч сайн үйлийг хэрхэн тодорхойлох вэ? Гэдэг асуулт чухал. Хүн бүр өөр өөрийнхөө үйлийг сайн үйл гэж үздэг. Төр иргэдийнхээ өмчийг хураахдаа нийтийн сайн сайхны төлөө сайн үйл хийж байна хэмээн үздэг бол гэмт хэрэгтнүүд бид цагдаа нарт ажил олгож байна. Энэ бол сайн үйл хэмээн үзнэ. Тэгэхээр сайн үйл гэж чухам юу вэ? гэдгийг тодорхойлоход хэцүү. Аристотель аз жаргал бол сайн үйл, сайн үйл бол шилдэг сайн төрх төлөв гэж томъёолсон. Тэрээр шилдэг төрх төлөв бүрийг тодорхойлж, тоочсон байдаг. Гэтэл шилдэг зан төрхийг тоочиж боломгүй. Юуг ямар шалгуураар шилдэг гэх вэ? Эх хүн бүрт үр нь шилдэг байдаг. Жереми Бентхам “Хүн бүр хэн нэгний хувьд үнэ цэнэтэй бөгөөд нэгээс олон хүний хувьд хэн ч үнэ цэнэгүй” гэж Аристотель Аристократ үзлийг няцаасан байдаг. Тиймээ хүн бүр хэн нэгний хувьд үнэ цэнэтэй. Эхнэрийн хувьд нөхөр нь үнэ цэнэтэй, нөхрийн хувьд эхнэр нь үнэ цэнэтэй. Хүүхдийн хувьд эцэг нь эх нь үнэ цэнэтэй, эцэг эхийн хувь хүүхэд нь үнэ цэнэтэй шүү дээ. Аристотель сайн үйл бол аз жаргал мөн гэсэн үүнийг үгүйсгэх аргагүй. Гэвч Аз жаргал бүхэн сайн үйл мөн үү? Гэдгийг тооцоолох хэрэгтэй. Логикийн хувьд аз жаргал бүхэн сайн үйл байхгүй нь тодорхой / ёс суртахууны асуудлыг хөндсөнгүй ц.м /. Тэгэхээр хүн бүр өөр өөрийнхөө хувьд сайн үйл хийдэг. Хүн бүр өөр өөрийнхөө хувьд аз жаргалтай шүү дээ. 2. Хүүхдүүдэд аз жаргал оногддоггүй. Аристотель шударга ёс, тэгш эрхийн талаарх номлол нь өнөөгийн ардчилалын үнэт зүйл гэдгийг мартаж болохгүй. Гэхдээ хүүхдүүдэд аз жаргал оногдох ёсгүй юм бол зөвхөн шилдгүүдэд аз жаргал оногдох ёстой бол түүнийг Аристотель ч, Платон ч өөр хэн ч хүртэж чадахгүй. Гагцхүү Пантеонуудад л аз жаргал оногдох байх. Бурхад өөрсдийн аз жаргалын төлөө хүмүүсийг бүтээсэн бол тэр нь сайн үйл гэж үү? Шударга ёс мөн үү? Аристотель-ийн гол алдаа нь Аристократ үзэл юм. Дээр дурьдсанчлан Аз жаргал бол сайн үйл. Сайн үйл бол шилдэг төрх төлөв юм бол, шилдгүүд л аз жаргалыг хүртэх ёстой юм бол шилдгүүдээс бусад нь аз жаргалыг хүртэх эрхгүй хүмүүс юм. Хүн бүр өөрөө өөрийнхөө хувьд шилдэг байдаг. Харин хүн бүр шилдэг хэмээн нэгэн дуугаар хүлээн зөвшөөрөх зүйл бол Пантеонууд юм. Хүмүүс Зевсийг, Афродитаг, Гераг шилдэг бус гэдэгтээ хэн ч маргадаггүй. Харин бусдын хувьд маргаан дэгдэх нь олон. Аристотель Боолчлолыг жам ёсны үзэгдэл хэмээжээ. Хэрэв түүхийн он цагийн хувьд Боолчлол бол түүхийн нэгээхэн үзэгдэл хэмээвэл хэн ч түүнтэй маргахгүй. Гэвч Аристократ үзлийн дагуу шилдгүүд төрийг удирдаж бусад нь дагаж, шилдгүүдэд аз жаргал оногдож бусдад нь зовлон оногдох ёстой юм бол шилдгүүдийг шударга, сайн үйлтэн гэхгүй. Сайн үйл бус учраас аз жаргалгүй. / Мэдээж филисофийн маргаанд ялалт гэж байдаггүй, тийм ч учраас миний үзэл бодлын илэрхийлэл филисофийн маргаанд орох нь өөрөө хаосыг бий болгоно. Хаост төгсгөл байхгүй шүү дээ. / Аристократ үзэл бол Олигархи тогтолцоог бий болгодог. Олигархиуд бид шилдгүүд учраас нийгмийг авч явах ёстой хэмээн төрийн эрх мэдлийг иргэдээс булаадаг. Олигархиуд бусдаас илүү мэдлэгтэй гэдгийг бусдаар хүлээн зөвшөөрүүлэхийн тулд бусдыг дарангуйлдаг. Олигархиуд бидэнд л аз жаргал оногдох ёстой гэж үздэг. Тэд боолын нийгмийг аман дээрээ үгүйсгэж бодит хэрэг дээрээ нийгмийн боолчлолын төлөө зүтгэдэг. Компанийхаа ажилчдыг болж өгвөл хөлс мөнгөгүй ажлуулахыг тэд цаг ямагт бодсоор ирсэн. Хар арьстнуудыг тэд өнөө хэр боол хэмээн үзэн ялгаварлан гадуурхдаг. Заримдаа тэд өөрсдийгөө бурхад гэж зарлуулахыг өөрийгөө эзэн хэмээн өмчлүүлэхийг хүсдэг. Дорнын гүн ухаанд эзэн хаан бол бурханы илч, тэнгэрийн илч байдаг. Бурхан бүхнээс шилдэг учир түүний илч гэсэн шилдэг тиймээс түүнийг муу үйл хийсэн ч дагах хэрэгтэй гэж үздэг байсан. Тэр нь яваандаа Монархи тогтолцоог бий болгосон. Аристократ үзэл бол Олигархийг бий болгож байна. Афинд Геронтууд шийдвэрийг гаргадаг. Харин гарсан шийдвэр нь сайн үйл үү? Муу үйл үү? Гэдгийг тэднээс / геронтуудаас / бусад нь хэн ч шүүдэггүй. Аппеллад тэгш эрх байсан уу? гэвэл байсан. Харин хэрэгжсэн үү? Гэвэл мэдэхгүй юм. Ямартаа ч Аппеллад олигархиуд шийдвэр гаргадаг байсан. Македоны Александрыг шилдэг гэж үзвэл түүнийг нийгэмд хүмүүсийг хэрхэн хөнөөж байсныг санах хэрэгтэй түүнийг сайн үйл мөн үү? Гэвэл эргэлзэх хүн олон. Тэгэхээр Аристотелийн хэлдэг шиг Шилдгүүдэд Аз жаргал, төрийн эрх мэдэл оногдох ёстой юм бол Ардчилал тэнд оршиж чадахгүй. Учир нь Ардчилалын амин сүнс бол төрийн эрх мэдэл нь иргэдийнхээ гарт, иргэн бүрт тэгш эрхтэйгээр төрийн үйл хэрэгт оролцохыг хэлдэг. Хүүхэд учраас аз жаргал оногдохгүй, боол учраас аз жаргал оногдохгүй бол ардчилалд тэнд байхгүй. Би Аристократ үзлийг няцаасан харин Аристотелийг биш. Түүнийг өмөөрөх олон ч шалтгаан бий. Учир нь түүнийг төрхөөс өмнө Боолын систем хөгжсөн байсан / МЭӨ VIII-VI зуун /, түүнийг төрөхтэй зэрэгцээд боолын систем сонгодог утгаа олсон байсан. Түүнийг амьдарч байхад нийгэмд тэр чигээрээ боолуудыг байх ёстой гэж үзэж байсан. Боолууд хүртэл өөрсдөө боддог байсан. Боолын нийгэм одоо хэр бүрэн утгаар арилаагүй байна. / Хүний наймаа / Тийм учир Аристотель тэгж бодох нь аргагүй юм. Учир нь оюун ухаан юмс үзэгдлийн мөн чанар, орчин тойрноос урган гардаг шүү дээ. Хүн төрөлхтөн хорин нэгдүгээр зуунд ч үл түрэмгийлэх аксиом, хүн бүр өөрөө өөрийнхөө хувьд шилдэг, өөрөө өөрийгөө өмчлөх, захирах эрхтэй / Мэдэх эрх /-г ойлгоогүй л байгаа үед Аристотелийг өмөөрөхөөс ч өөр аргагүй юм. Бид аливаа зүйлд туйлшрахгүйгээр алдаа оноог нь хуваалцаж авах гээхийн ухаанаар хэлэлцэж байх хэрэгтэй. Аристотель хүн учраас алдаж эндэж л таарна алдааг нь орхин оноог нь авах нийгмийн хөгжлийн үндэс билээ. Тиймээс Аристотель-ийг алдаа оноотой нь үлдээцгээе.

No comments:

Post a Comment

setgegdel uldeeh