Showing posts with label Нийтлэл / эссэ /. Show all posts
Showing posts with label Нийтлэл / эссэ /. Show all posts

Их хурлаас улсын дээд шүүх руу урагшаа


“Бие хүн эрх чөлөөгөө заяамал гэж ойлгож байхад дарангуйлагчид эрх чөлөөг өөрсдөө өгдөг гэж боддог. Хүмүүс өөр хоорондоо жамаараа зохицон амьдрахаа шударга гэж үздэг байхад дарангуй бодолтнууд шударга ёсыг бид тогтоодог гэж ярьдаг.”
                                    Фридрих А.Хаек   
        Ш.Л.Монтеське-ийн боловсронгуй болгосон төрийн эрх мэдлийн хуваарьлалтын онол Монгол улсад хэрэгжиж байна уу? Энэ асуулт сүүлийн үеийн телевизийн мэдээг үзэх тоолонд гарах боллоо.
            1992 онд Үндсэн хуулиндаа Хууль тогтоох эрх мэдлийг Улсын Их Хуралд, гүйцэтгэх эрх мэдлийг засгийн газарт, шүүх эрх мэдлийг улсын дээд шүүхэд хадгалуулсан билээ. Энэ хадгалуултын хугацаа нь дууссан бололтой. Улсын их хурлаар “Ми-8” нисдэг тэрэгний ослын дүгнэлтийг улсын их хурлын бүлэг урьдчилан гаргаж, буруутанд нь хариуцлага тооцож, магадгүй заримдаа шүүхийн мэтгэлцээнийг ч өрнүүлэн авна.
Монгол улсын дээд шүүхийн үйл ажиллагаануудыг улсын их хурал ч гүйцэтгэх болсон мэт.
Улсын дээд шүүхийн үйл ажиллагаа нь
- Хуульд албан ёсны тайлбар гаргах
- Шүүхийн практикийг судлан, зөвлөмж гаргах
- Хэрэг маргааныг хянан шийдвэрлэх гэх мэт.
Харин Улсын их хурал хуулийн зүйл заалтанд зарим үед тайлбар гаргаж, түүнийгээ өөрөө өөрсдийнхөөрөө гуйвуулан ашиглана. Тухайлбал: “Эх орон Ардчилал” эвсэл тарснаар Ардчилсан нам бүлэг байгуулсан үйлдэл юм. Эвсэл тарсан ч Үндсэн хуулийн дагуу улсын их хуралд суудалтай нам 8-аас доошгүй гишүүдтэй бол эвсэл байгуулж болно гэсэн зүйл заалтыг гуйвуулан тайлбарлаж бүлэг байгуулсан билээ. Энэхүү үйлдэл нь иргэн Х.Тэмүүжин, Баяраа нарын Үндсэн хуулийн цэцэд гомдол гаргаж, цэцийн дүгнэлтээр Ардчилсан намын бүлэг байгуулсан үйлдэл нь Үндсэн хууль зөрчсөн хэмээн дүгнэсэн. Харин ардчилсан намынхан үүнийгээ зөвлөл болгож, хуулинд зөвлөл байгуулахыг хориглосон заалт байхгүй хэмээн тайлбарласнаар өнөөг хүртэл зөвлөл нэртэй улсын их хурлын бүлгийн үйл ажиллагааг явуулж байгаа юм.
Улсын их хурал дахь МАХН-ын бүлгийн дарга Идэвхтэн Ми-8 нисдэг тэрэгний хэргийн талаар дүгнэлт гарган хэлэхдээ шүүх, хяналтын байгууллагууд эдгээр асуудлыг анхаарна гэдэгт найдаж байна хэмээн хэлсэн нь шүүх, хяналтын байгууллага зөвлөмж болсон мэт.
Мөн саяхан Улсын их хурал туул голын ус бохирдсон асуудлыг хэлэлцэн ус суваг ашиглалтын газрын даргыг дуудан байцааж байх юм. Бүр сүүлдээ ус суваг ашиглалтын тендер хууль бус болсон байна хэмээн дүгнэлт ч гишүүд гаргаж байх шиг.
 Зарим нэгэн гишүүд нь дээлийг чинь нөмрүүлнэ хэмээн ярьж, нөгөө хэсэг нь бөө мөргөлтэй гэдгээрээ сүрдүүлнэ. Яг л гудамжны шүүх хуралдааны танхим мэт. Угтаа их хурлын маань гүйцэтгэх гол ажил хууль батлах асуудал билээ. Харамсалтай нь их хурлын үйл ажиллагаа өөрчлөгдөж хэн нэгний хууль бус шийдвэрийг хэлэлцэж, эсхүл хэн нэгний буруутай үйл ажиллагааг тогтоох шүүх эрх мэдлийн ажлыг хийх болсонд судлаач миний зүгээс тун сэтгэл дундуур байна.
Эцэст нь Ван хааны хэлсэнчлэн:
бөөр бөгсөнд байг
цэр цээжинд байг 
Их хурал нь хуулиа баталдаг байг
Шүүх нь хэрэг маргаанаа хянан шийдвэрлэдэг байг хэмээх үгээр бодрол эхлүүлье…..

НАМУУДЫН ЗАСАГ

НАМУУДЫН ЗАСАГ



 
Нам бол ард түмний засгийг нураах бэлэн зэвсэг мөн.
Ж.Вашингтон
XVII-XVIII зуунд Англи, Францад өрнийн десотизмийг хязгаарлах, эсэргүүцэх, парламент ёсыг дэлгэрүүлэх зорилгоор бий болсон хэсэг хүмүүсийн үйл ажиллагааны зохион байгуулалтын үр дүнд нам бий болсон гэж зарим судлаачид үздэг. Нам нь анхандаа нийгмийн идэвхитэй, дээд давхрагынхны хамарсан шинжтэй байснаа XIX зуунд бүх анги, давхрагыг хамрах болжээ.
1920 онд ноёдын, түшмэдийн, ардын гэсэн гурван дугуйлан үүссэн нь хожим Монголд анхны нам (Монгол Ардын Нам) бий болох үндэс суурийг тавьсан юм.
1925 онд Монгол Ардын Нам Коммунизмын үзэл суртлыг намын гол чиг баримжаагаа болгон нэрээ Монгол Ардын Хувьсгалт Нам болгон өөрчилж, үндсэн хуульд “нам бол төрийг жолоодогч хүч мөн” хэмээн тунхаглан засаг төрийн үйл ажиллагааны бүхий л шатанд нам бүхнийг засагласаар даруй 70 жилийг үдсэн юм. 70 жил намыг дахин шүтэх үзлийг манипуляцилж, 70 жил популистуудыг төрөл, төрлөөр бэлтгэн, 70 жил дарангуйллаа намыг дахин шүтэгч, популистуудаараа хавхавчилж, 30 гаруй мянган хүний амийг хороож, 20 гаруй мянган гишүүнчлэлтэй нэг намын дарангуйлал 1990 онд төгсгөл болсон юм. 1992 онд Ардчилсан үндсэн хуулиа баталсанаар олон намын систем бий болж, нам бол төрийг жолоодогч хүчин бус тодорхой үзэл санаан дор сайн дураар нэгдэж улс төрийн харилцааны хүрээнд нийгмийн төлөө ажилладаг хэсэг (бүлэг) хүмүүсийн нэгдэл  болон өөрчлөгдсөн юм.
Ардчилсан нийгэмд засгийн эрх мэдэл намд бус ард түмэнд...
    Ардчилал бол ард түмний засаглал юм. Ард түмэнд засгийн бүх эрх мэдэл байдаг. Тийм ч учраас сонгууль бүх нийтийн, чөлөөт сонгууль байх үндсэн зарчимтай байдаг. Хэрэв хэн нэгэн сонгогчийг сонгогчийн нэрсийн жагсаалтаас хасвал сонгууль хууль бус болдог. Сонгууль хууль бус болох нь төрийн эрх мэдлийг хууль бусаар авсан гэх үндэслэл болох юм. Ардчилал бол бүх нийтийн засаглал юм. Ардчилалд нам засаглахыг хориглодог. Учир нь нам бол бүх нийт биш юм. Монголд 1990 он гэхэд 20000 гаруй гишүүнчлэлтэй байсан МАХН 2 сая иргэнтэй Монгол улсыг захирч байсан шүү дээ. 2 сая иргэнийг 20000 иргэн төлөөлж чадахгүй юм. Тиймээс нам төрийг засагладаг нийгэмд ямагт цөөнхийн эрх ашиг үйлчилж байдаг.
Нам төрийг засаглах үед иргэдэд эрх чөлөө бус дарамт шахалт ирдэг.
Хуучин нийгэмд нам төрийг жолооддог байх үед төрийн эрх мэдэл ард түмэнд бус нам, тодорхой хэсэг бүлэг хүмүүст оршиж байсан. Төрийн эрх мэдэл нэг хүн (деспотист), хэсэг бүлэг хүмүүсийн гарт, тэр тусмаа намын мэдэлд байсан түүхээс сайн зүйлийг нэгийг ч олж харахгүй. Тухайлбал, Монголд 1930-аад онд их хэлмэгдүүлэлт болж, лам хуварга, хөрөнгөтөн, ноёд, буриад гэх мэтээр ялгаварлан гадуурхан шүүхийн шийтгэх тогтоолоор Монголын насанд хүрсэн эрэгтэйчүүдийн 20%-ийг цаазлан хороож, 56938 хүнийг баривчлан эрүү шүүлт тулгасан хар бараан түүх бий. Герман, Италид Гитлер, Муссолини-ийн нацизм, фашизмд сая сая хүн амиа алдсан тоо ч бий.
Социализмд Сталин, Крушевээс Мао Зидун, Фидель Кастро, Уго Чавес, Ху Жинтао гээд нам төрийг захирч байсан их удирдагч нар бүгд дарангуйлагч болж хувирсан байдаг.  Нам төрийг засаглахдаа ихэвчлэн ганц нам дангаар ноёлох хандлага гардаг боловч нөгөө талаар олон намтай үед ч нам төрийг засаглахыг оролдох явдал гардаг. Энэ нь гол төлөв нэг нам, бусад нь дагуул намын системийн үед хэрэгждэг юм.
Ардчилал, Либерализмд социалист нам байх боломжтой.
Ардчилал, либерализмд социалист нам байх боломжтой юм. Социалистууд хэдийгээр либералистуудыг үгүйсгэн, социализмд дан ганц социалист нам байх ёстой гэж үзэж байсан ч ардчилсан нийгэмд үгүйсгэлийг үндэс болгодоггүй юм. Ардчилсан нийгэмд нам бол иргэдийн улс төрийн хүсэл зориг, үзэл баримтлалаа илэрхийлэх эвлэл болдог бөгөөд гагцхүү тэрхүү эвлэл бүх нийтийн, чөлөөт, шударга сонгуульд иргэдийн итгэлийг авсан тохиолдолд ард түмний хяналт дор, засгийн эрх мэдлийг удирдах боломжтой болдог. Гэхдээ үүнд зөвхөн ард түмний хяналтын дор хэрэгжүүлэх боломжтой юм. Тиймээс ямарч үзэл баримтлалыг гол үзэл суртлаа болгосон намууд дээрх ардчилалын үндсэн зарчмыг хүлээн зөвшөөрч буй тохиолдолд нам байх боломжтой болдог. Төрд дангаар ноёлох, нам төрийг засаглах ёстой хэмээн зорилготой байх юм бол мэдээж тэр нам байх боломжгүй юм. Учир нь ардчилал олонхийн систем бөгөөд цөөнхийг хүндэтгэдэг систем төдийгүй нэг хүний эрх, бусдын эрхээр хязгаарлагдах тэгш эрхийн зарчимд тулгуурласан нийгэм тул аль нэг намын хууль бус зорилгыг хориглох шаардлагатай болдог. Либерилизмд Социалист нам байх боломжтойг сонгодог утгаараа харуулсан улс бол Монгол юм. Монгол улсад 70 жил нэг нам төрийг засаглах ёстой гэсэн үзэл сурталжсан нийгмээс засгийн бүх эрх мэдэл ард түмний мэдэлд байх зарчмыг агуулсан ардчилсан нийгэмд шилжих шилжилтэд 70 жил дангаар ноёрхсон МАХНам (Нэрнээс нь хувьсгалт социалист үзэл суртал харагддаг) өнөөг хүртэл оршин тогтносоор байна. 1991 онд МАХН Нагаржунайн филисофийг үндсэн чиг баримжаагаа болгон, 1998 онд Ардчилсан социалист үзлийг үзэл баримтлалаа болгосон социалист нам өнөө хэр оршин тогтносоор байгаа жишээнээс Либерализмд социалистуудыг хориглодоггүйг харж болно. Гэвч энэ нь нам төрийг засаглана гэсэн үг биш. Олон намын системтэй улс орнуудад тийм боломж ч ховор юм. Харин Монголд нам төрийг засагладаг хуучин социалист систем рүү гээ буцаа юудаа гэх хардлага төрсөн юм.
Ардчилалаас социализм руу буцав уу!
Нам төрийг засагладаг байсан нийгэмд засаг захиргааны бүхий л нэгжид МАХН-ын улс төрийн товчоо, хороо, бүлгэмүүд ажиллаж бүхий л нэгжийн шийдвэрийг намын хороогоор урьдчилан хэлэлцэж намын шийдвэрийг гарган, түүнийгээ төрийн шийдвэр болгодог байсан билээ. Төрийн үйл ажиллагааг ил тод нам засагладаг байсан систем нь өнөөдөр зүсээ хувирган ганц нам бус намууд, ил тод бус хаалттайгаар төрийг жолооддог болсон байна. Нам төрийг засагладаг хуучин тогтолцоо руу буцаж буй дараах шинжүүдийг дурьдаж болно. Үүнд:
Дордуулсан долоон өөрчлөлт ба нам засгийн эхлэл.
2000 онд Үндсэн хуульд дордуулсан 7 өөрчлөлт өнөөгийн нийгмийн улс төрийн хямралын эхлэл, намууд төрийг засаглах гэсэн далд санаархалын үр дүн юм. Үндсэн хуульт ардчилалд төрийн эрх мэдлийн хуваарьлалт, хяналт тэнцлийн зарчим бол ардчилалын амин сүнс байдаг. 2000 онд оруулсан нэмэлт, өөрчлөлт нь дээрх хяналт, тэнцлийн зарчмыг алдагдуулсан юм. Хяналт, тэнцлийн зарчим алдагдсан нөхцөлд иргэдийг төрийг жолоодох эрх ямагт хөндөгддөг. Тиймээс тэнд нам бүхэнд хяналтаа тогтоодог. Засгийн газрыг хянах ёстой ард түмний элч УИХ-ын гишүүн нь намын популист болж хувиран улмаар шагнал болгон Засгийн газрын сайд болгох явдал олон тохиолдож байна. Өнөөдөр УИХ-д засгийн газрын гишүүн болж үзээгүй их хурлын гишүүн бараг үгүй болсон нь засгийн газарт хяналт тавих боломжгүй болгодог юм. Учир нь засгийн газрыг шүүмжлэх гэхээр өөдөөс нь таны эхлүүлсэн ажил, танийг ажиллаж байх хугацаанд гэх мэтээр сөргүүлэн бойкотлодог. Иймд 2000 оны өөрчлөлт бол гол шалтгаан юм.
Нам засагладаг нийгэмд засаг захиргааны бүхий л нэгжид намын бүлгийг ажиллуулж байдаг
Монгол улс 1580 гаруй баг, 320 гаруй сум, 130 гаруй хороо, 9 дүүрэг, 21 аймаг, нийслэл гэх мэт засаг захиргааны нэгжүүдэд МАХН үүрээ байгуулан, нутгийн өөрөө удирдах бүхий л шатанд намын бүлгийг байгуулах талаар намын шинэчилсэн дүрэмд тусгажээ. Социалист нийгмийн үед нам засаглах гол үндэс нь нийгмийн бүхий л нэгжүүдэд, засаг захиргааны бүхий л нэгжүүдэд намын үүр, хороо байгуулан, намын үүр хорооны шийдвэрээр бүхий л төрийн ажил, засаг захиргааны шийдвэрүүд гардаг байсан. Баг, хорооны иргэдийн нийтийн хурлын өмнө намын үүр хуралдаж баг, хорооны засаг даргыг сонгох шийдвэрийг танилцуулан популистууд нутгийн өөрийн удирдлагыг иргэдээс намд шилжүүлж байгаа явдал зөвхөн өнгөрсөн системд бус энэ нийгэмд эргэн ирсэнийг баг, хорооны иргэдийн нийтийн хурлаас хар болно. Энэ нь Ардчиллын амин сүнс чөлөөт, шударга сонгуулиар бий болсон Улсын Их Хурлаас, Орон Нутгийн Хурлын шийдвэрийг нам гаргадаг болсон нь төрийн эрх мэдлийг хууль бусаар авч буйн илрэл юм.
Удирдах зөвлөлөөс Их хурлыг удирдах нь
    УИХ-аас хууль хэлэлцэх үед намуудын удирдах болон гүйцэтгэх зөвлөл хуралдан аль хэдүйн УИХ-ын шийдвэрийг урьдчилан гаргасан байдаг. МАХН-ын шинэчилсэн дүрэмд намын бүлэг, намын удирдах зөвлөлийн шийдвэрийг хэрэгжүүлэх, УИХ-ын гишүүд намын бүлгийн шийдвэрийг хэрэгжүүлэх талаар тусгажээ. Энэ нь хуучин нийгмий үед улс төрийн товчоо сайд нарын зөвлөлийн үйл ажиллагаанд чиглэл өгч, сайд нарын зөвлөл түүнийг нь үг дуугүй хэрэгжүүлдэг түүхийг санагдуулам. Нам засгийн эрх мэдлийг булаах (нам засаглах) арга техник нь УИХ-ыг намын бүлгээр дамжуулан удирдах, намын бүлгийг удирдах зөвлөл удирдах явдал юм. Социализмын үед ийм л байсан одоо харин энэ байдал буцан ирж байх шиг байна.
Намын зорилго төрийн эрх мэдлийг авах бус...
    Намын үйл ажиллагааны зорилго, бүтэц, зохион байгуулалтаар нь тодорхойлж болдог. Дээр намын бүтэц, зохион байгуулалтын талаар дурьдсан учир одоо зорилгын талаар өгүүлье. Нам бол төрийн эрх мэдлийг ямар нэг арга барилаар авах гэсэн хэсэг хүмүүсийн нэгдэл биш юм. Ихэнхи хүмүүс намыг төрийн эрх мэдлийг авахын төлөөх бүлэглэлийн өрсөлдөөний байгууллага гэж бодоод байх шиг байна. Нам бол иргэдийн улс төрийн тодорхой үзэл баримтлалаар эвлэлдэн нэгдэж улс төрийн харилцаанд нөлөөлөх зохион байгуулалтын хэлбэр юм. Хэрэв намын зорилго нь төрийн эрх мэдлийг авах, төрийг удирдах эрх байх бол олигархиудын орогнол болдог.
Үзэл сурталгүй нам, ахын захисан захиасаар...
Нам доторх нам
    Ардчилсан хувьсгалыг эхлүүлсэн улс төрийн хүчнүүд Ардчилсан намыг хожим байгуулсан билээ. Тэдгээрийн дотор үзэл суртлын хувьд эсрэг, тэсрэг үзэл баримтлалтай хоёр нам байсан нь Монголын Үндэсний Ардчилсан Нам, Монголын Социал Демократ Нам юм. Тиймээс ардчилсан нам үзэл баримтлалын хувьд хэзээ ч нэгдсэн нэг улс төрийн үзэл баримтлалын дор нэгдэж байгаагүй юм. Ардчилсан намд Ардчилсан социалист үзлийг баримталсан Алтан гадас фракц, Либерал үзлийг баримталсан Ардчилсан хүчний холбооны фракц гэсэн 2 үндсэн томоохон фракц байна. Социалист үзлийг ардчилсан нийгэмд хэрэгжүүлэхийг зорьдог ардчилсан социалист үзэл, либерал үзэлтэй дэр нэгтгээд эдийн засаг, хууль, хүний эрхийн хувьд баримтлах бодлого дээр ижил байр суурьтай байж чадах уу? Ардчилсан намын энэ нэгдэл нь сонгуульд ялалт байгуулах гэсэн явуургүй үйл явдал байсан юм. Нам бол улс төрийн тодорхой үзэл баримтлалыг баримжаалж улс төрийн үйл ажиллагаанд нөлөөлдөг. Гэтэл Монголд байгаа намууд ихэвчлэн сонгуульд ялахыг урьтал болгон нэгдэн нийлж дараа нь бутардаг. Тиймээс Ардчилсан нам улс төрийн үзэл баримтлалаа тогтоож, өөр үзэл баримтлалтай гишүүд нь өөр нам байгуулах замаар намыг шинэчлэх хэрэгтэй юм.
Ахын явсан замаар дүү нь замнах учиртай гэж үү?
    Нам бол нийгмийн хөгжлөө дагаад шинэчлэгддэг динамик хүчин юм. МАХН шинэчилсэн дүрмээ батлаад шинэ бүтэц зохион байгуулалттай ажиллах боллоо хэмээн хаа сайгүй ПР гээчийг ёстой л нэг хийж эхэлсэн. Гэтэл шинэчлэл нь хаана байна. Социализмын үеийн намын бүтцийн зарчмаар ажиллуулж баг, хороо, сум, дүүрэг, аймаг, нийслэлийн МАХН-ын үүр, мөн нутгийн өөрөө удирдах байгууллагын намын бүлэг гэх мэт байгуулан нутгийн өөрөө удирдах ёсыг нам удирдах болсон нь нөгөөх шинэчлэл гээч юм уу? Эсхүл хуучин нийгмийн хоцрогдсон, хаягсан бүтэц, засаглах зарчимдаа эргээд орсон хэрэг үү? Ямартаа ч намын үүрүүд нь төрийн шийдвэрийг гаргаж төрийн ажлыг булааж байгаа нь үнэн. Ихэнх тохиолдолд баг, хороо, сум, дүүрэг, аймаг, нийслэлийн засаг дарга нар тухайн нэгжийнхээ намын үүрийн дарга байгаа нь нууц биш. Харин МАХН-ын энэ л жишгийг АН дагаад, МАХН-ын замналаар яваад байна уу даа. Бүтэц зохион байгуулалтаа өөрчлөн намын шинэчлэл гээч нүсэр бүтэц зохион байгуулалттай болох нь шинэчлэл юм бол нэртэйгээр нь намын дэргэдэх Байгаль орчин, Аялал зуучлалын холбоо, Хууль зүй, дотоодын хэргийн холбоогоо байгуулчихаад төрийн эрх мэдлийг булаацалд.
    Монголд улс төрийн соёл, улс төрийн намын хөгжил ухраад байна уу?, хөгжөөд байна уу? гэдэгт хүн бүр өөр өөрийнхөө дүгнэлтийг өгөх бизээ. Миний хувьд хуучин нийгмийн нам засаг руу Монгол ухарч, будилж явна уу даа гэж харах юм.
    1990 оноос өмнө бид нам төрийг жолоодогч хүчин болж, нам төрийн бүхий л шийдвэрийг гаргадаг байсан бол өдгөө намууд болон хувирч Ардчилсан нам, МАХН бол төрийг жолоодогч хүч болжээ. МАХН, АН төрийн шийдвэрийг удирдах зөвлөлөөрөө гаргаж, намын бүлгээрээ дамжуулан төрийн эрх мэдлийг атгах нь хуучин нийгмийн нам засаг ирсэн юм уу гэлтээ. Улс төрийн энэ явцуурхал нийгэмд хаос байдлыг бий болгож, олигархи бүлэглэл төрийг атгах болжээ. Намууд шинэчлэл нэртэй ангит нийгмийн давхрааг бий болгож байгаа нь Монголд XXI коммунизмыг авчирч байгаа мэт. Тиймээс Монголчууд Ардчилсан төр гэсэн нэрнээсээ татгалзан коммунист төр, нам хэмээн болвол яасан юм. 
   

МЭДЭХ ЭРХ


МЭДЭХ ЭРХ


Хүн төрөлхтний ихэнх нь өөр дээрээ мордуулах гэж нуруун дээрээ эмээлтэй төрөөгүй, хэсэгхэн хүн Бурханы зарлиг, хууль ёсоор тэднийг унахад бэлэн байдаг ч юм биш. 
Томас Жэффэрсон
Хүн төрөлхтний түүхэнд эзэмшлийн гурван систем хэрэгжиж байсан. Нэгдүгээрт, Хаан эзэн бусдыг эзэмших, хоёрдугаарт, бүгдээрээ бүхнийг эзэмших, гуравдугаарт, өөрөө өөрийгөө эзэмших юм. Эдгээр эзэмшлийн системээс хүний мөн чанар, соёлт иргэншилд тохирсон систем бол гурав дахь нь буюу өөрөө өөрийгөө эзэмших явдал юм. / Энэ эссэнд эзэмших, өмчлөх, амьдрах зэрэг нь мэдэх эрхтэй нэг утгаар ойлгогдоно. /
Хаан эзэн бусдыг эзэмших / Нэг ба цөөн бүлэг бусдыг эзэмших /
Өрнийн деспотизмд хэмжээгүй эрхт хаан бүхнийг эзэмшиж болох талаар Платон, Аристотель нар номлож байв. Сайн үйл гэдэг бол шилдэг сайн зан төлөв юм. Шилдэг зан төлөв хүн бүрт заяагддаггүй хэмээснээр деспотизм, аристократизм, олигархи, монархи тогтолцоог хүлээн зөвшөөрсөн байдаг. Тиймээс хүүхдийг том хүн эзэмшиж, боолчлолыг жам ёсны үзэгдэл хэмээн үзсээр иржээ. Дорнын деспотизмд хаан бол бурханы илч төлөөлөгч, тэнгэрийн хүү хэмээн өргөмжлөгддөг. Дорно дахинд хаанаа бурхан мэт дээдлэн шүтэж, хааны хэлсэн үг бурханы зарлиг болгон иргэдэд хүрдэг байв. Тиймээс хаан бүхнийг эзэмших нь зүй ёс байв. Хаан эзэн бусад хүмүүсийн амьдралыг шийдэж, амь насыг өмчилж, хүсэл зоригийг эзэмших нь байгалийн хуулийг зөрчиж буй санаа зуун, зуун өнгөрөх тусам улам баяжигдсанаар энэ систем нуран унасан юм. Харин олигархи тогтолцоо өнөө хэр зүсээ хувирган оршсоор байгаа бөгөөд оюун ухааны хувьд ч тэр, эрх чөлөөний филисофийн үүднээс ч тэр цөөн бүлэг бусдыг эзэмших нь буруу юм. / үүнийг мэдэх эрхийн тухай ойлголт дээр тайлбарлах болно / 
Бүгдээрээ бүхнийг эзэмших / коммунизм /
Бүгдээрээ бүхнийг эзэмших систем XX зуунд бүрэн коммунизм нэр томъёогоор дэлхийн түүхэнд бичигдэх болсон юм. Коммунизмд бүх хүнд баялагийг тэгш хүртэх, боломжийг тэгш бий болгох замаар бүхнийг эзэмшиж болох талаар номлож байв. Гэвч үнэн дээрээ энэ систем хувь хүн өөрөө өөрийгөө ч эзэмшиж чаддаггүй байв. Тэд хүссэн хувцас, хүссэн дуу, хүссэн шашин, хүссэн амьдралаараа амьдрах боломжгүй байсан юм. Үнэн хэрэг дээрээ бүх хүн бүхнийг эзэмших боломжгүй гэдгийг дэлхийн түүх бидэнд харуулсан. Логикийн хувьд ч боломжгүй зүйл юм. Учир нь хүнд хувийн өмч байхгүй үед нэг өмчийг ашиглахын тулд бусад бүх хүнээс зөвшөөрөл авах хэрэг гардаг. Хятад улсад нэг иргэн үйл ажиллагаа явуулахын тулд 1 тэр бум гаруй хүнээс зөвшөөрөл авах болно. Зөвшөөрнө, зөвшөөрөхгүй гээд асуудал олон. Тиймээс бүх хүн бүгдийг эзэмших систем 1990 он гарсаар бүрэн устсан юм. / Одоо байгаа коммунист систем хүний хувийн өмчийг ямар нэг хэлбэрээр хүлээн зөвшөөрсөн байдаг /
Өөрөө өөрийгөө эзэмших 
“Бүх хүн өөртөө өмчтэй байдаг. Юу ч байхгүй хүнд ямар ч эрх байхгүй, 
гэхдээ өөрийгөө эзэмших эрхтэй”
 Ж.Локк 
Хүнд байгалиас заяагдсан өмч бол бие, оюун ухаан, сэтгэл зүрх юм. Тиймээс хүн бие, оюун ухаан, сэтгэл зүрхээ эзэмших эрхтэй байдаг. Олон мянганы турш байгалийн / жам ёсны / дээрх хууль хэрэгжихгүй хаан эзэн, цөөн хүмүүс бусдыг эзэмших нь зүй ёс хэмээн үздэг байснаараа боолчлол, аллага хядлага, дайн дажин гээд хар бараан бүхий л зүйлс бий болсон байдаг билээ. Зуун, зууны туршид удирдагчид, дарангуйлагчид хүн бүр адил төрдөггүй, тиймээс зарим нь төрөлхийн удирдах гэж, зарим нь төрөлхийн зарцлагдах гэж төрдөг хэмээсээр агуу их хэлмэгдүүлэлт, агуу их дайн, агуу их хүний эрхийг зөрчсөн байдаг. Хүний хувь заяаг бурхан зурсан байдаг тиймээс түүнийг хэн ч өөрчлөх эрхгүй хэмээснээр өөрсдийгөө удирдагч, хаан болгон өргөмжилсөөр байсан билээ. Үнэн хэрэг дээрээ хувь заяаг хүн өөрөө бүтээдэг хийгээд хүн хүнээрээ /бүгд адилхан хүн/ л төрдөг юм.
Шинжлэх ухаанаар хааны эзэмшилд зарцлагдах нь зүй ёс хэмээн батлагдсан нэг ч онол байхгүй. Түүнээс гадна хар арьстай л бол боол болох учиртай гэх шударга ёс ч байхгүй. Хаан эзэн, цөөн хүн бусдыг эзэмшдэг системд хүмүүс аз жаргалыг олж авч чаддаггүй. Нөгөө талаар бүх хүн бүхнийг эзэмших систем хувь хүний / гуманизм / сэтгэл ханамжийн илэрхийлэл болж чаддаггүй юм. Шударга ёс, ёс суртахуун, байгаль, хүний мөн чанарт тохирсон цорын ганц эзэмшлийн систем бол өөрөө өөрийгөө эзэмших систем юм. 
Хувь хүн өөрөө өөрийгөө эзэмших учир үүрэг, хариуцлагыг өөртөө л хүлээдэг. Залхуурч ажил хийхгүй огоорвол хүсэл мөрөөдлөө хэрэгжүүлж чадахгүйд хүрдэг. Энэ нь өөрөө өөрт оногдуулж буй зүй ёсны шийтгэл юм шүү дээ. Сайн явах санааных гэдэг шиг хувь хүн өөрөө өөрийнхөө амьдралыг мэдсэнээр жаргал, зовлонг өөртөө хүлээдгээрээ төгс систем юм. 
Мэдэх эрхийн тухай ойлголт
Ж.Локк засаглалын тухай хоёр дахь шаштир бүтээлдээ “хүний эрх төр үүсэхээс өмнө байсан тул бид байгалиас заяасан эрх гэдэг. Хүн эрхээ хамгаалахын тулд төрийг бий болгодог гэж өгүүлжээ. Тэрбээр хүний эрхийг амьдрах, эрх чөлөөтэй байх, өмчлөх гэж 3 хуваасан байдаг. 
Ж.Локкын өгүүлсэн амьдрах, өмчлөх, эрх чөлөөтэй байх эрх нь угтаа нэг л эрх юм. Хүнд байгалиас заяагдсан эрх бол өөрийн дураар амьдрах буюу мэдэх эрх юм. Гэвч өнөө үед амьдрах эрх гэсэн томъёог амьд явах эрх, амьдралын наад захын шаардлагатай бүх зүйл, хоол, хувцас, орон байраар, эрүүлийг хамгаалах зэргээр хэрэглэгдэж байна. Өөрөөр хэлбэл, амьд явах буюу хүний аминд халдахыг хориглох, хоол хүнс, хувцастай байх зэрэг нь амьдрах эрхийг бүрэн төгс тодорхойлоход учир дутагдалтай юм. Жишээлбэл, Би эхнэр авахын тулд эцэг, эхээсээ зөвшөөрөл авч, ямар сургуульд сурах, ямар мэргэжил эзэмших гээд буруу тогтсон ёс заншил, стереотип нь амьдрах эрхэд маань сөргөөр нөлөөлж буй боловч амьд явахад маань саад болохгүй байна гэж төр үздэг. 
Мэдэх эрх бол бусад эрхийн үндэс суурь юм. Хүн өөрөө өөрийгөө эзэмшсэнээр бусдын эрхийг хөндөхгүйгээр юуг ч хийж болдог. Тухайлбал, Тамхи татах эрх байя гэж бодвол хүссэн үедээ тамхиа татах ба гагцхүү бусад хүний эрүүл байх, тамхигүй орчинд байх эрхийг хөндөж болохгүй юм. Тиймээс нэг бол ганцаараа байхдаа, нэг бол өөрийн өмч буюу гэртээ энэхүү эрхээ эдлэх боломжтой юм. Хүн өөрийн өмчөө захиран зарцуулсанаар өөрийн зорилго, хүсэл мөрөөдөлд хүрэх боломжтой юм. 
Ф.Дуглас өөрийгөө эзэмших хийгээд жам ёсны эрх гэсэн сонгодог либерализмын энэ хоёр томъёон дээр үндэслэн боолчлолыг устгах хөдөлгөөнийг дэмжсэн үндэслэлээ гаргасан байдаг. 
Сүүлийн үед хүмүүс хүний эрх тоо тоомшгүй олон болж байна хэмээн шүүмжлэх боллоо. Угтаа бол эрх ганц эрх чөлөө тоо тоомшгүй олон юм. Хүн эрх чөлөөтэй байх буюу мэдэх эрхтэй. 
Үл түрэмгийлэх аксиом
Эрхийн гол зарчим бол үл түрэмгийлэх аксиом юм. Энэ зарчим бүрэн дүүрэн утгаараа хэрэгжвэл энэ дэлхий амар амгалан байх юм. 
Эрх бол хязгааргүй зүйл биш. Нэг хүний эрх нөгөө хүний эрхээр хязгаарлагддаг. Хүн бүр өөрийн сонгосон амьдралаар амьдрах эрхтэй бөгөөд бусдын ийм эрхийг зөрчих ёсгүй. Өөрөөр хэлбэл хэн ч бусад хүн ба хэн нэгний өмчийн / мэдэх эрхийн / эсрэг түрэмгийлэх үйлдэх эрхгүй гэх зарчим юм. 
Эрхийн энэ зарчмыг ойлгож, мэдрэх нь илүү чухал юм. Позитив эрхийн онолчид эрхийг жагсааж бичих нь бий. Гэвч эрхийг жагсааж бичнэ гэдэг дэндүү утгагүй зүйл юм. Учир нь хүн эрхээ эдлэхдээ бусдын тийм эрхийг зөрчихгүйгээр тоолж барашгүй эрх чөлөөгөө эдлэх боломжтой шүү дээ. Тиймээс хэрэв эрхийг жагсааж бичих болвол эрхийн хязгаарын дээрх зарчмыг нэг бүрчлэн тухайн тохиолдол бүр дээр бичих шаардлагатай болно. Энэ нь яг л од тоолоод нэг бүрчлэн нэр өгөхтэй ижил юм. 
Үл түрэмгийлэх аксиом буюу эрхийн хязгаарын зарчим хэрэгжихэд хүний мэдрэмж, ёс зүйн түгээмэл чанар чухал ач холбогдолтой. Амьдрал бол тэр чигээрээ баялаг нөхцөл байдал учир тухайн нөхцөл байдалд эрхийн хязгаарыг мэдрэх мэдрэмж их хэрэг болдог. Эцэг эхчүүд хүүхэд нь эхнэр аваад ирж байхад зөвшөөрөл олгохгүй байна гэдэг мэдрэмжгүйн хэрэг бөгөөд нөгөө талаар ёс зүйгүй үйлдэл юм. 
Мэдээллийн эрх чөлөө мэдэх эрх хэрэгжих нөхцөл болох нь
Мэдэх эрх хэрэгжих суурь нөхцөл нь хорин нэгдүгээр зууны амьдралын хэв маяг болсон мэдээлэл юм. Хүн мэдээлэлгүйгээр өөрийн хүссэнээр амьдрах нь юу л бол. Тэтгэлэгт хамрагдахыг хүсвэл тэтгэлэгийн талаар сүүлийн үеийн мэдээллийг олж авах шаардлагатай болдог. Тиймээс мэдээллийн эрх чөлөө бол мэдэх эрхийн хэрэгжих суурь болж байгаа юм. 
Мэдээллийн эрх чөлөөний тухай хууль батлагдаагүй нь Монгол улсад хүний эрхийн хэрэгжилт хэрхэн байгааг харж болно. Мэдээлэлгүйгээр хүн өөрийн дураар амьдрах боломжгүй багатай өнөө үед мэдээллийн эрх чөлөөг баталгаажуулахгүй байх нь манипулятив боолчлол болдог. 
Мэдэх эрх минь зөрчигдөж байна.
Анимизм
Монголчууд бид мухар сүсэг бишрэл дэндүү ихтэй хүмүүс. Уурганы дээгүүр алхаж болохгүй, шөнө хог хаяж болохгүй, орондоо дуулж болохгүй гэх мэтчилэн анимист заншлууд өөрийн дураар амьдрахад минь саад болдог юм. Элдэв төрлийн мухар сүсэг бишрэлд болох бүтэх үг нэг ч байхгүй тэгсэн атал сургаал номлол ч үгүй. Гэвч анимист зан заншлаар өсөн торнисон эцэг, эх, хамаатан садангууд маань тэгж болохгүй, ингэж болохгүй мэтээр сургана. Угтаа бол анимизм амнаас ам дамжин ирсээр стереотип болдог. Аль нэг шашинд хамаарагддаггүй мухар сүсэг бишрэл миний хийх үйлдлийг хэзээ, хаана гэх мэтээр хориглоно. Мухар сүсэг бишрэлд итгэх нь сайн уу? Эсхүл муу юу гэдгийг ярих нь сэдэвт хамааралгүй тул ингэсгээд өндөрлөе хамгийн гол нь дэлхийн хаана ч байдаг аливаа шашны номлолд хамаардаггүй энэ мухар сүсэг бишрэл өөрийн дураар амьдрах эрх минь зөрчигдөх чухал хүчин зүйлсийн нэг юм.
Ёс заншил ба стереотип
Ёс заншилд авах зүйл ч их бий, хаях зүйл түүнээс их бий. Зан заншил бол эрт үеэс дамжин ирсэн уламжлал юм. Гэвч дундад зууны үеийн хүмүүсийн амьдралын заншил өнөөгийн мэдээллийн эрин зуунд тохирох нь юу л бол. Монголчууд бид шиг уламжлал гэхээр нэг, нэгэнгүй бүгдийг нь ирээдүй рүү чирэх гэсэн улс байхгүй л байх. Уламжлал бол амьдралд зохицолтой нь үлдэж, зохицолгүй нь таягддаг динамик дэвшил шүү дээ. 
Ёс заншил бол динамик дэвшил байдаг атал эцгийн эрхт ёсноос үүдэлтэй сөрөг шинжтэй ёс заншил бат бэх оршин байсаар байна. Ёс заншил нь аливаа зүйлсийг зөвшөөрөх, хориглох хэм хэмжээ тогтоох шинжтэй байдаг. Тиймээс хориглосон, зөвшөөрсөн хэм хэмжээ нь бидний мэдэх эрхэнд халддаг юм. Харин Стереотип буюу хэвшсэн үйлдэл бол нийгмийн сөрөг соёл, соёлын гажуудал болон хувьсдаг.
Африкт нэг овогт эхнэр болох хүн нь хуримын анхны шөнө нөхрийнхөө гэр бүлийн эрчүүдтэй секс хийдэг уламжлалтай байдаг. Хүссэн хүсээгүй ч Африкийн тэр омогийн эмэгтэйчүүд энэ амьдралын хэв маягийг туулдаг. Дэлхий дээрх хамгийн ихээр өөрийн дураар амьдрах буюу мэдэх эрхэд халдаж буй уламжлал бол энэ юм. Харин Монголчууд бидэнд буй сөрөг ёс заншил бол нялхасыг угтах ёсонд өгдөг нэр юм. Хүүхэд тогтдоггүй айлд Нохойжав гэх мэт нэрийг өгөх уламжлал юм. Нэг талаас мухар сүсэг бишрэлийн шинжтэй ч нөгөө талаас ёс заншил болон хөгжжээ. Энэ мэт маш олон уламжлал нь мэдэх эрхийг хөндөж байна.
Патриарх
Монголчууд гэлтгүй дорно дахинд эмэгтэй хүнийг гэрийн боол зарц мэт үздэг сэтгэлгээ одоо хэр бат бөх оршин тогтносоор байна. Уг нь би Феминист үзэлтэй юм болохоороо эхнэртэйгээ ханилан суугаад гэр орны ажилдаа хамт туслалцаад, хоол хийж сурсан юм. Гэтэл Ээж маань эрэгтэй хүн хог шүүрддэггүй, бэр хүн ийм л амьдралыг туулах ёстой мэтээр нөгөө хадмын яхир зан, бэрийг сурган хүмүүжүүлэх ёсон гэх мэтчилэнгээр эхнэрийг минь ажлаар булна. Ингээд гэр бүлд эхнэр, нөхөр хоёрын дунд бяцхан үл ойлголцол бий болж, яваандаа хайр эвдрэлцдэг.
Эхнэр нь нөхрөө ээж чинь тэгээд байна, ээж чинь ингээд байна гэх мэтээр сүүлдээ уцаарлаж эхэлнэ аргагүй ч биз зарцын амьдралыг хэн л тэсэв гэж. Эх нь хүүхдэдээ эхнэр чинь ажилгүй юм, залхуу яаж энэ амьдралыг авч явна хэмээн хүүгийнхээ өмнөөс санаа зовнин битүүхэндээ цаагуураа салахыг зөвлөнө. Ийм амьдралын дунд нөхөр өөрийн дураар амьдрана гэж үү? Хадам эхчүүдэд хэвшсэн энэ муу заншил, стереотип бүхэл бүтэн хүүхдийнхээ амьдралыг жаргалаар бус зовлонгоор дүүргэдэг.
Эмэгтэйчүүд бол гэр бүлийн хоёрдогч хэрэгцээг хангах зэвсэг төдий зүйл болон хувирчээ. Эмэгтэйчүүдийг урт үстэй ухаан богино, гэрээ мэдье гэвэл эрээ мэд гэх мэтчилэнгээр Патриархат догматизм бат бөх оршиж байгаа үед эмэгтэйчүүдийн мэдэх эрхэнд халдахгүй гэж үү. 
Фундаментализм
Эцэг, эхчүүд хүүхдийнхээ амьдралд оролцож ямар хоол хийх, ямар хувцас өмсөх, ямар сургуульд сурах, ямар мэргэжилтэй болох гэх мэтээр амьдралд нь хутгалддаг. Үнэн хэрэг дээрээ хүүхэд эцэг, эхчүүдийн урьд алдсан алдаа, эсхүл хийж гүйцээгээгүй мөрөөдлийн дүрх төрх болон хувирдаг. Хүмүүс өөрийн дотоод оюун ухаан, ертөнцөд бий болгосон дүрх төрхийг бусад хүнд тавин, тэрхүү дүр төрхөө бодит байдал болгохыг шаарддаг. Холливуудын “Яагаад гэвэл би хэлсэн учраас” гэсэн нэртэй кино байдаг. Тэрхүү кинонд хүмүүс тэр дундаа эцэг, эхчүүдийн фундаменталист үйлдлүүдийг харуулдаг юм. Ёс суртахуун фундаметализм болон хувирч, хүмүүс фундаменталист үйлдлүүдээ ёс суртахуун, ёс зүйгээр халхалдаг. Угтаа бол ёс суртахуун бол бусдын амьдралд бүү оролц, хүн бүр тэгш эрхтэй гэсэн ухагдахууныг илэрхийлдэг юм.  
Нийтийн тосгоны филисофи
Дээрх аспектууд бол хувь хүн, нийгмийн соёлоос үүдэлтэй хүчин зүйлс юм. Ихэнх тохиолдолд хүний эрхийг хамгаалах үүрэг бүхий төр хүмүүсийг, иргэдээ өмч мэт болгон мэдэх эрхэнд нь халддаг. Үүний хамгийн том жишээ бол нийтийн тосгоны филисофи юм. АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Хилари Клинтон хүүхэд бол төрийн өмч, тиймээс хүүхдүүдийг төр хүмүүжүүлэх ёстой гэж хэлсэнээр нийтийн тосгоны филисофийн агуулга тодорхойлогддог. Ер нь төр иргэдээ өмч гэж бодсоноор албадлагаар цэрэгт явуулж, албадлагаар сургуульд хамруулж, хүмүүжүүлэх нь зүйтэй гэж үздэг. Хэрэв цэрэгт явах, хүүхдүүдийг асрамжийн газар, сургууль, цэцэрлэгээр хүмүүжүүлэхгүй бол улс орон мөхнө гэж үздэг. Өнөө үед цэрэгт хүн бүр явах нь улс орны баталгаа болж чадахгүй төдийгүй төрийн хэлээд байгаа хүмүүжил нь ухамсарын шанаа төдийгөөр хэрэгждэг. 
Боолчлол бол жам ёсны үзэгдэл
Аристотель Боолчлолыг жам ёсны үзэгдэл хэмээснээр энэ дэлхийд хүмүүс зарим нь удирдах гэж зарим нь зарцлагдах гэж төрдөг гэсэн санааг илэрхийлэн Аристократ үзлээ дэвшүүлсэн байдаг. Боолчлол бол төгс дарангуйлал юм. Харин дарангуйлал байх ёстой үзэгдэл мөн гэж үү? Т.Жеферсоны хэлдгээр хүн бүр эмээлтэй төрдөггүй. Тиймээс ч боолчлол, дарангуйлал оршин тогтнох үндэсгүй билээ. XVIII зуунд боолчлолын эсрэг хөдөлгөөнүүд өрнөн боолчлолыг халуулж чадсан ч өнөө хэр боолчлол / хүний наймаа, хүн худалдах гэмт хэрэг/ оршин байсаар байна. Нөгөө талаар эцэг, эхчүүдийн фундаменталист үйлдэл, төрийн иргэдээ өмчлөх оролдлого нь орчин цагийн боолчлол юм. Тэд бидний мэдэх эрхэнд халдан миний хийх ёстой, хийх ёсгүй үйлдлүүдийг зааснаар биднийг утсан хүүхэлдэй болгон боолчилдог. Амьдрах, ажилд орохын тулд цэрэгт явж, аль сургуульд сурах, ямар мэргэжил эзэмшихээ эцэг, эхээсээ асуун, казино тоглох, мөрийтэй тоглох нь гэмт хэрэг болсоноор бид хаа сайгүй орших болохгүй бүхний хаост орших болдог. 
Хүн бүрийн аз жаргалын ертөнц бол зөвхөн хүн бүрт л байх боломжтой. 
Хүн бүр өөрөө өөрсдийгөө мэдсэнээр тэнд энхтайван, эрх чөлөө, ардчилал, сайн сайхан оршин байх болно. Хүмүүс эрхээ эдлэхдээ бусдын тийм эрхийг хөндөхгүй байх нь мэдэх эрх хэрэгжих үндсэн зарчим болно. Тиймээс эрх чөлөөний мэдрэмжийг хөгжүүлэн, ёс зүйн унивирсализмыг түгээх шаардлагатай юм. Мэдэх эрх хүмүүсийн мэдрэмжинд оршдог. Түүнийг хуулиар нэг бүрчлэн зохицуулах боломжгүй хийгээд харин хамгаалах шаардлагатай юм. Хүн бүр өөр өөрийн амьдралаа мэдэх мэдрэмжтэй байдаг. Гагцхүү төрд тийм мэдрэмж байхгүй учир төрийн эрх мэдлийг хуулиар хязгаарлах шаардлагатай болдог. Нөгөө талаар эрх чөлөөний мэдрэмж хийгээд иргэний боловсролыг хөгжүүлэх нь эрх чөлөөт ертөнц бүрэлдэх нөхцөл болно. Монголд хүн бүр эрх чөлөөтэй байх эрхээ эдлэж чадахгүй байна. Монгол хоцрогдсон уламжлал, соёл / мэдээж хэрэгтэй нь үлдэх учиртай /, төрийн увиагүй бодлого, төрийг шүтэх шүтэн бишрэгчидээс хүн өөрөө өөрийгөө мэдэх эрхээ эдлэж чадахгүй байгаа юм. Эмэгтэйчүүд, хүүхдүүд нөхөр, хадам эцэг эх, соёлын боолчлол болж байгаа нь ардчилсан улс гэж хэлэхэд учир дутагдалтай байна. Эрх чөлөө соёл уламжлалд дарлагдсанаар эрх чөлөө биш болдог. Эрх чөлөөгүй улс гүрэн ардчилалгүй болдог юм. Өнгөн дээрээ эрхийг хуульчлаад цаагуураа зөрчих нь эрх чөлөөг боомилдог. Иймд эрх чөлөөний үндсэн зарчим болох мэдэх эрхийг ойлгох, танин мэдэх, сурталчилах хэрэгтэй байна. 

БАРУУНААС ЗҮҮН ЗҮГ РҮҮ ЗОРЧСОН ТЭМДЭГЛЭЛ

БАРУУНААС ЗҮҮН ЗҮГ РҮҮ ЗОРЧСОН ТЭМДЭГЛЭЛ


Ардчилсан нам либерал нам байсан
Аливаа намыг баримталж буй улс төрийн үзэл суртлын агуулгаар нь коммунист, социалист, фашист, нацист, консерватив, Либерал гэх мэт, улс төрийн чиг баримжаагаар нь зүүний, төвийг сахисан, барууны нам хэмээн ангилдаг. 
Монголд 1920 оны 06 сарын 25-нд анхны нам бүрэлдэн бий болсон гэж үздэг ба ууган нам 1925 оны хурлаараа 1921 оны 3 сарын 1-нд Монгол Ардын Намыг үүсгэн байгуулагдсанаар тооцох шийдвэр гаргасан юм. 1960 оны Үндсэн хуульд “...төр, нийгмийг удирдан чиглүүлэгч хүч бол бүхнийг ялагч Марксист – Ленинист онолыг үйл ажиллагаандаа удирдлага болгодог МАХН мөн.” хэмээсэн нь Монголын анхны нам социалист нам байсныг илтгэнэ. 1990 онд социалист систем нуран бутарсаны дараа МАХН үзэл баримтлалаа 1991 онд Нагаржунайн төвийг сахих үзэл, 1998 онд Ардчилсан социалист үзлийг дүрмээрээ баримтлах болсоноор зүүний чиг баримжаатай нам болсон юм. 
1989 онд Монголд хоёр дахь нам байгуулагдсан нь Монголын Ардчилсан Холбоо юм. Улмаар Монголд Монголын Үндэсний Ардчилсан Нам, Монголын Социал Демократ Нам, Монголын Ногоон Нам гэх мэт олон намууд үүсгэн байгуулагдсанаар Монголд олон намын тогтолцоо бүрэлдэн тогтсон билээ. Эдгээрээс Монголд барууны үзэл суртлыг намынхаа үзэл баримтлал болгосон нам бол Монголын Ардчилсан Нам юм. 1999 онд Ардчиллын төлөөх намууд нэгдэн өнөөгийн Ардчилсан намыг / барууны чиг баримжаатай / байгуулжээ. 
Аливаа намыг зорилго, хөтөлбөр, бүтэц зохион байгуулалт, үйл ажиллагаагаар нь улс төрийн аль чиг баримжааг баримтлаж буйг тодорхойлдог. Барууны, либерал намын хувьд либерализмыг дэлгэрүүлэх зорилгыг үндсэн зорилго болгодог бөгөөд харин сонгуульд ямар нэг аргаар ялахыг чухалчилдаггүй юм. Өөрөөр хэлбэл сонгуульд дэвшүүлэх хөтөлбөр нь либерал үзэл санаанд нийцсэн байхыг шаардаж, ямар нэг аргаар сонгуульд ялахын тулд олонд түмэнд таалагдах уриа лоозонг дэвшүүлэхийг хориглож, классфикаци, зохиомлоор бий болгосон кастын системийн эсрэг байдаг. Нөгөө талаар либерал хөтөлбөр нь эрх ямба, онцгой бүлгийн ашиг сонирхолыг эрхэмлэсэн шинжийг агуулдаггүйгээрээ онцлогтой юм. (Өөрөөр хэлбэл, хүүхэд, эмэгтэйчүүд, ядуучууд гэх мэт ангилан хөтөлбөр дэвшүүлэхийг зорьдоггүй. Учир нь үйлдвэрлэгчдэд зах зээлийн таатай орчин амлаад талхны үнийг 100 төгрөгөнд барина гэж хэрэглэгчдэд хандвал хөтөлбөр утопи болж хувирдаг.) 
Либерал нам нь бүтэц, зохион байгуулалтын хувьд нүсэр аппарат, тодорхой бүлгийн (хүүхэд, залуучууд, эрэгтэй, эмэгтэй гэх мэт) байгууллагуудыг байгуулахыг эрмэлздэггүй, элдэв дарга, эрх ямба бий болгодоггүй.(Өөрөөр хэлбэл, баг, хороо, сум, дүүрэг гэх мэт салбар нэгжийг чухалчилдаггүй.) Либерал намын Үйл ажиллагаа нь намын дотоод ардчиллыг бэхжүүлэхэд чиглэгддэг. Намын гишүүнчлэл, тооны хойноос хөөдөггүй, намын гишүүн, намын дарга нар тэгш эрхтэйгээр үйл ажиллагаанд оролцдог. Альтернатив сонирхолын бүлэг болох фракциудад тэгш эрхийг дүрэмчилдэг төдийгүй аль нэгийг чухалчилдаггүй, фракциудыг хязгаарладаггүй. 
Баруунаас Зүүн зүг рүү аяласан тэмдэглэл
Барууны үзэл баримтлалтай Ардчилсан намын үйл ажиллагаа, намын дотоод ардчилал, үйл явцыг ажиглавал / сүүлийн жилүүдэд баримтлаж буй бодлого, мөрийн хөтөлбөрийг / улс төрийн барууны чиг баримжаанаас татгалзан зүүний үзэл баримтлалтай нам болон төлөвшиж байгааг харж болно. 
Ардчилсан нам барууны үзэл баримтлалаас татгалаж буйг доорхи үйл явцаар нотлохыг зорьлоо.
Харизматик лидерүүд бүрэлдэн тогтсон нь...
Намын дотоод ардчилалд сөргөөр нөлөөлөх хоёр үндсэн шинж байдаг. Нэг дэх нь харизматик лидерээр удирдуулах, хоёр дахь нь олигархи бүтэц, ардчилсан төвлөрөлийг хэт шүтэх явдал юм. Дээрх хоёр шинж нь улс төрийн намыг ардчилсан бус болгож байдаг хамгийн аюултай удирдлага болон зохион байгуулалтын шинжүүд юм.  Ардчилсан намын сүүлийн үеийн үйл явдлыг харвал харизматик лидер, түүнийг даган шүтсэн фракцын либиртинист бодлого анзаарагддаг. Тухайлбал, Намын удирдагчдын нэг нь нам бол төрийн томоохон институт, намын гишүүд эрх эдлэхээс гадна үүрэг хариуцлагатай болох шаардлагатай хэмээн ярилцлага өгсөн нь (25 суваг телевизийн шууд нэвтрүүлгийн үеэр) ардчилалаас ухарсан шинжийг агуулсан юм. Нөгөө талаар Намын удирдагч, ерөнхий нарийн бичгийн дарга нь хэт их эрх мэдлийн төвлөрөлтэй байгаагаар илэрхийлэгдэж байна. Намын ерөнхий нарийн бичгийн дарга, намын дарга нь асуудлыг бие даан шийдвэрлэж, ардчилсан үзлээс ангижсан үзлийг дэмжиж, зарим үед социалист, статист үзлээр аливаа асуудлыг шийдвэрлэж байгаа нь харазматик лидер бүрэлдэн тогтож байгаагийн илрэл болж байна. Гэвч мэдээж МАХНамтай харьцуулвал харазматик лидер бүрэлдэн тогтох үйл явц дөнгөж эхэлж байна. Цаашлаад намд дотоод ардчилал үгүй болж монакрат тогтолцоо бүрэлдэхгүй гэх баталгаа үгүй ба харазматик лидер төгөлдөрших боломжтой юм. (Чингэлтэйн нөхөн сонгуулиас харахад намын удирдлага бүхий л үйл явцыг гартаа аван бүр нэр дэвшигчийн эрхэнд бүдүүлгээр халдсан тохиолдол гарч байв)   
Олигархи бүтэц,брюкрат тогтолцоо...
Судлаач Ричард Катц, Петер Мейр нар “Олигархи бүтэцтэй удирдлага тогтох хандлага ардчиллын ахицтай цөөн улсуудын дунд ажиглагдсан ба тэдгээр нь өөр намуудтай өрсөлдөх бус хуйвалдах замыг сонгодог байна” хэмээжээ. Монголд олон намын тогтолцоо бий болсон ч хуучин нийгмийн хатуу зохион байгуулалт бүхий загвар өнөө хэр бат бэх оршин тогтносоор байна. Ардчилсан намын бүтцэд нийгмийн тодорхой бүлэглэлүүдийн (Оюутны, Эмэгтэйчүүдийн, Залуучууд гэх мэт) байгууллагууд бий болж, Засаг захиргааны нэгж бүрт намын салбар байгууллагууд байгаа нь олигархи, брюкрат тогтолцооны хэв шинж юм. Энэ бүтэц, зохион байгуулалтын зорилго нь сонгуульд ялалт байгуулах явдал юм. Либерал нам сонгуульд ялалт байгуулах явдлыг хэзээ ч нэгдүгээрт тавьдаггүй. Учир нь либерал нам либерал зарчмыг нэгдүгээрт тавьдаг юм. Харин өнөөдрийн Ардчилсан намын үйл ажиллагаа, бодлогыг харвал сонгуульд нэгдүгээрт тавигдаж буй нь анзаарагдаж байна. Баг, хороо, сум, дүүрэг, аймаг, нийслэл гээд Монгол улсын засаг захиргааны нэгж бүрийн дэргэд байнгын ажиллагаатай намын бүтцийн байгууллага байгаа нь хуучин нийгмийн зохион байгуулалтын хэлбэр төдийгүй нутгийн өөрийн байгууллагын гаргах шийдвэрт намын бүтцийн байгууллага нөлөөлж, нэгж бүрт намын бүлэг байгаа нь өнөөх л нам төвт төрийн тогтолцоог дэмждэг ардчилсан бус намын бүтэц юм.  
Хуйвалдаан...
“Ардчилсан институт маань улс төрийн болон хүнд суртлын дээдсүүд хоорондоо наймаа хийх гэсэн ардчилсан бус үйл явц үүсгэдэг” Роберт Даль хэлсэн байдаг. Либерализмд сонгуулийн үйл явц, ард түмний санал өгөх эрхэд ямар нэг хэмжээгээр оролцохыг хатуу хориглодог. Өөрөөр хэлбэл сонгуулийг шударга явуулах, либералын намын хувьд өөрсдөө шударга оролцохыг ямагт эрмэлздэг. Ардчилал бол ард түмний засаглал учир ард түмний энэ эрхэнд халдахыг хориглодог юм. 2009 онд болсон Чингэлтэй дүүргийн нөхөн сонгуулиар Ардчилсан намын удирдлага, МАХН-ын удирдлагуудын хооронд тохиролцоо бий болсон талаар судлаачид үздэг. Ардчилсан нам нэр дэвшигчийнхээ сонгуулийн сурталчилгааг хоцруулах, зарим талаар замхруулах зарим ажиллагааг явуулж байсныг хэлэх нь зүйтэй болов уу. Нөгөө талаар намын ерөнхий нарийн бичгийн дарга нь нөхөн сонгуулийн Штабын даргаар ажиллаж, бүх шийдвэрүүдийг нэр дэвшигчийн саналыг харгалзахгүй шийдэж байсан нь хуучин социалист нийгмийн нэр төдий сонгуулийг санагдуулам. (Энэ дашрамд хувь хүнийхээ зүгээс Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн дарга Б.Эрдэнэбатыг зарим талаараа ардчилсан бус үзэлтэй, өөрийн үзлийг бусдад тулгах шинжтэй санагдсаныг нуух юун) Нөхөн сонгуульд нэр дэвшигчийн менежерээр оролцох явцад нам бүхэлдээ нэр дэвшигчийн маань эсрэг ажиллаж байх шиг сэтгэгдэл төрсөн нь намын дээгүүр наймаа хийгдсэн бодол өөрийн эрхгүй төрсөн учир ийн дүгнэлээ. Ард түмний засаглал барих эрхийг нам шийдэх эрх байхгүй. Либерал нам өөрөө энэ үйл явцыг туйлын хатуу хориглодог. Ямар ч нөхцөл байдал үүссэн бай хувь хүний эрхийг хөндөх нь социалист арга барил юм.
Стандарт бус...
2008 оны УИХ-ын сонгуулийн дараа МАХН олонхи болсон юм. Ардчилал, Либерализм олонхи болсон нам нь засгийн газраа байгуулах үүрэгтэй бөгөөд энэхүү үүргээ олонхи болсон нам ч зөрчих эрх байдаггүй билээ. Учир нь сонгууль бол тэмцээн биш. Тэмцээнд ялсан баг ялалтаасаа ухрахыг зөвшөөрдөг ч сонгуульд ард түмний сонголтыг олонхи болсон нам ч үгүйсгэхийг хориглодог. 
Стандарт бус шийдвэр ямагт хууль бус байдаг. 2008 оны сонгуулийн дараа МАХН-аас ардчилалд байж боломгүй ард түмний эрхийг зөрчсөн шийдвэр гаргасан юм. Гэвч асуудлын гол нь шийдвэр гаргасан намд бус шийдвэрийг хүлээн авсан намд асуудал оршиж байгаа юм. Учир нь шийдвэр гаргасан нам бол ардчилсан социалист нам байсан бөгөөд нөгөө нийгмийн ардчилал, нийтийн эрх ашгийн төлөөх гэсэн худал үгсээрээ хавхавчлан шийдвэрээ тайлбарлаж болно. Ардчилсан социалист нам тул тийм ч эрхтэй билээ. Харин Ардчилал, либерализмыг гол үзэл баримтлалаа болгодог Ардчилсан нам Ардчиллын үндсэн зарчмаас гажуудсан, хууль бус энэхүү шийдвэрийг гараа тосон угтан авсан нь энэ нам либерал нам биш гэдгийг нотлон харуулсан нэг үйлдэл болсон юм. Эвслийн засгийн газрын ерөнхий сайд С.Баяр албан тушаалаасаа сайн дураар огцорч, засгийн газрыг шинээр эмхлэн байгуулсан үйл явц нь өнөөх стандарт бус шийдвэр, үйл явцын үргэлжлэл болсон бөгөөд Ардчилсан нам хоёр дахь удаагаа стандарт бус шийдвэрийг уухайн тас хүлээн авсан нь нэгийг бодогдуулах буйзаа.
Намын хөтөлбөр ба сонгуульд ялах манипулятив амлалт...
2004 оны сонгуулийн мөрийн хөтөлбөрөөс эхлээд намын хөтөлбөр бүхэлдээ буянлаг төрийн үзэл суртлыг сурталчилах болов. 2008 оны сонгуульд элдэв төрлийн халамжийн амлалтуудыг өргөн барьсан нь буянлаг төрийг дээдэлдсэн сонгуулийн манипулятив амлалтын оргил үе болсон юм. Энэ нь нам сонгуульд ялах зорилгыг үндсэндээ нэгдүгээрт тавьсан гэсэн үг. 2008 оны сонгуульд эрдэнийн хувь, хүүхдийн мөнгө гээд зарим тохиолдолд ор бүтэхгүй зүйлийг мөрөөдлийн гэмээр дэвшүүлсэн манипулятив шинжийг агуулсан гэхэд хэлсдэхгүй болно. Ард түмний тархийг угаасан, сонгуульд ялах гэсэн мөрийн хөтөлбөрт либерал бодлогын үүднээс шүүлтүүр хийвэл ганц хоёр л шүүлтүүр тунаж үлдэхээр байсан юм. Намын үндсэн зорилго сонгуульд ялах юм бол нам тодорхой үзэл суртлаар яах билээ. Шулуухан л нэрээ солих хэрэгтэй. Өнгөн дээрээ ардчилал, либерализм хэмээн ард түмний тархийг угааж, цаанаа олигархижсан бодлогыг баримтлах нь лав Ардчилсан үзэл баримтлалтай намын үйлдэл биш юм. 
Ардчилалгүй Ардчилсан нам одоо яах вэ?
Намын дотоод ардчилал гээч хүчин мөхөсдсөн энэ үед намын шинэтгэлийг өнгөн нэрээр бус салбар, нэгж бүрт хийх хэрэгтэй. Намын бүтэц, зохион байгуулалтаас эхлээд хүний нөөцийн бодлого, дүрэм, журам гээд бүхнийг шинэтгэх хэрэгтэй. Хамгийн түрүүнд хуучин нийгмийн бүтцээс ангижирч, харазматик удирдлагын хэв маягаас татгалзаж намын гишүүн бүр эрх тэгш байх, намын дотоод ардчилал, санхүүжилтын ил тод байдлыг нээлттэй болгох, тайлагнах систем гээд бүхлээр нь шинэчлэхгүй бол энэ нам өнгөн дээрээ ардчилсан нэртэй ардчилалгүй нам болон хувирахад бэлэн болчихсон байна. Нөгөө талаар фракцуудын үйл ажиллагааг дэмжин, хязгаарлах бодлогоосоо татгалзаж, салбар нэгжүүдэд байгаа хүний нөөцийн бодлого, намын үйл ажиллагааны бодлогоо эхнээс тодорхойлж, либерал ардчилалд тулгуурласан шинэчлэлийн эхлүүлэх шаардлагатай байна. Ингэж чадахгүй бол Ардчилсан нам он жилүүдийн нугачаанд Ардчилалыг үгүйрүүлсэн, хүмүүст ардчиллыг буруу танин мэдэхэд хүргэх аюултай билээ. 

Нийгмийн ардчилал ба олонхийн дарангуйлал

Нийгмийн ардчилал ба олонхийн дарангуйлал

Ардчилал бол ард түмний бүтээсэн, ард түмний төлөөх ард түмний засаглал мөн.

А.Линкольн

“1989 оны 12 сарын 10” дэлхий дахинд социалист систем нуран бутарч капитализмын давалгаа Азийг чиглэх үетэй зэрэгцэн хоёрхон утастай морин хуураараа дэлхийг хөглөдөг Монгол улсад Ардчилалын төлөөх хөдөлгөөн үүсгэн байгуулагдав.

Үзэл суртлын шоронд капитализмын тухай хүүрнэн өгүүлж, өөр өөрсдийн ирээдүйн амьдралын төлөө үзэл бодол, үйл хэргээ чиглүүлсэнээс хойш өдгөө 20 жил өнгөрчээ.

20 жил гай, гавъяатай цуг алхахдаа Монголын ардчилал унаж, бүдэрч, ухарч, бүдгэрсээр 20 жилийн ойгоо Ардчилал нэртэй ангит нийгмийн социалист хэв маягаар ой, одонгоо архи, алагчлалтайгаа холин тэмдэглэж, нийгмийн ардчилал хэмээх нэр томъёог уриа лоозон болгож буйг хараад Ардчилал уу? Ардчилалын баг өмссөн Социализм / Ардчилсан социализм / уу? гэдгийг тайлахаар өөрийн үгс, үзэл бодлоо илэрхийлэн үзэг дэвтрээ барин сууна.

Нийгмийн ардчилалын тухай өгүүлэх нь...

Нийгмийн ардчилал хэмээх нэр томъёо бол зүүний үзлээс улбаатай. Ихэвчлэн скандиновын улс орнуудад хэрэглэгддэг нэр томъёо юм.

Нийгмийн ардчилал гэдэг нь хувь хүмүүс эрхээ эдлэх явцдаа нийгмийн өмнө үүрэг хүлээдэг гэж үздэг.Олон ардчилсан социалистууд болон нийгмийн ардчилагчид, коммутарианчууд / Хувь хүн дээр төвлөрсөн өрнөдийн соёлыг шүүмжлэн, нийтийн эрх ашгийг харгалзах ёстой гэж үздэг хүмүүс / оролцооны ардчилал,ажлын байрны ардчилалыг төлөөллийн ардчилалтай хосолсон хэлбэртэй байж болно гэдэгт итгэдэг.

Нийгмийн ардчилал бол хувь хүний жам ёсны эрх гэхээс илүүтэй нийгмийн сайн сайхныг урьтал болгодог. Өөрөөр хэлбэл олонхийн сайн сайхны төлөө нэг хүний өмчийг / газрыг / булаан авах шаардлагатай гэж үздэг.

Нийгмийн ардчилал нь иргэд ахмад үеэ хүндлэх, төрийг дээдлэх, эдийн засгийн буянлаг төрийн үзлийг баримтлах, их татвар, их аз жаргал олгох социал демократ үзлийг үндсэн зарчмаа болгодог юм.

Хүн болгонд аз жаргал, хайр халамж амлаж, хувь хүн бүрийн бие махбод, оюун санаа бүрэн төгс хөгжиж, хүн бүхний урлаг, шинжлэх ухааны аугаа их авъяас билэг дэлгэрэн хөгжинө гэж номлодог.

Нийгмийн ардчилал бол оновчтой сонголт биш!!!.

Нийгмийн ардчилал бол баг өмссөн социализм юм. Социализм нуран унах нь тодорхой болсон үед ардчилсан нийгэмд социализмыг байгуулах хөдөлгөөн хаа сайгүй өрнөсөн нь зүүн европ, скандиновын улс орнуудад нийгмийн ардчилал гэх нэрийдлээр ардчилсан нийгэмд социалистуудын орогнох зайг бий болгосон явдал юм. Бид 70 жил хамтдаа явж ирсэн социализмд ардчилсан гэж нэрийдсэн социалист хөдөлгөөнүүд бөөн бөөнөөрөө өрнөж л байсныг санах хэрэгтэй.

Ардчилсан гэж хэлэхээр л ардчилал болчихгүй. Гагцхүү ардчилалын үнэт зүйл, зарчмыг үйл ажиллагаандаа хэрэгжүүлж байж тухайн нийгэм ардчилалтай болдог.

Нийгмийн ардчилал бол оновчтой сонголт биш юм. Учир нь нийгмийн ардчилалын онол нь ардчилалын / хувь хүний зүгээс сонгуулийн ардчилал, ардчилсан социализм, анархист, зөвшөөрлийн ардчилал, парламентын ардчилалд негилист үүднээс ханддаг учир либерал ардчилалыг ардчилал хэмээн цаашид тодорхойлох болно / үнэт зүйлстэй ихэнхдээ зөрчилддөг.

Либерал ардчилал, нийгмийн ардчилал дараах / бүгдийг нь өгүүлэх боломжгүй тул зохиогч тодорхой хэдэн үзэл баримтлалыг авч үзэв / хэд хэдэн үнэт зүйлс дээр зөрчилддөг.

Индивидуализм ба нийтлэг

Либералистууд, коммунтарианчууд дараах хоёр асуудлаар голчлон маргадаг. Үүнд:

Нэгдүгээрт. Коммутарианчууд нийгэмд өөрийн гэсэн эрх бий. Тиймээс хувь хүн эрхээ эдлэхдээ нийгмийнхээ өмнө үүрэг хүлээх ёстойг шаарддаг. Тэд хүний эрхийг архиметик утга гэж үзэн 1 хүний эрх <1000 хүний эрхээс дутуу тиймээс 1000 хүнд нэг хүн захирагдах нь зүй хэмээн номлодог. Харин либералистууд хувь эрхээ эдлэх бусдын тийм эрхийг зөрчихгүй байх үүргийг бусдын / бусад хувь хүмүүсийн / өмнө үүрэг хүлээдэг гэж үздэг. Өөрөөр хэлбэл, нийгэм дангаараа оршин тогтнож чадахгүй. Учир нь нийгэм бол хувь хүмүүсийн нэгдэл. Хүний эрх бол архиметик утга биш нэг хүн ч бай, мянган хүн ч бай эрхээ эдлэхдээ бусдын тийм эрхийг үл хөндөхийг / үл түрэмгийлэх аксиом гэж нэрлэх нь бий / номлодог. Маргаантай асуудал бол1000 хүний эрх, нэг хүний эрхээс давуу эсэх, хувь хүн эрхээ эдлэхдээ нийгмийн өмнө хариуцлага хүлээх ёстой юу? Эсхүл бусдын тийм эрхийг зөрчихгүйгээр эрхээ эдлэх үүрэгтэй юу? /өөрөөр хэлбэл бусдын тийм эрх, хувь хүний өмнө үүрэг хүлээх ёстой юу? Нэг хүний эрх нөгөө хүний эрхээр хязгаарлагддаг. Өөрөөр хэлбэл: Алах эрх гэж байгаа гэж бодвол бусдын амьдрах эрхийг хөндөхгүй байх явдал юм. Тиймээс хэрэв алах эрхээ эдлэх аваас хүн өөрөө өөрийгөө алахаас өөр аргагүй. Хэрэв бусдыг алвал тэр эрхээ эдлэж буй хэрэг биш гэмт хэрэг болно. Коммутарианчууд Либералистуудыг хүний эрх бол Экзестенциалистууд / Хүний эрх бол юу дуртайгаа хийдэг хязгааргүй гэсэн туйлшрал / гэж буруутгадаг. Гэвч хүний эрх бол нөгөө хүний эрхээр хязгаарлагддаг ойлголт юм. Хүний эрхийн хязгаар нь нөгөө хүний эрх болохоос нийгэм биш. Нэг хүн ч бай нийт хүн ч бай эрхээ эдлэхдээ бусдын тийм эрхийг хөндөхгүй байх үүрэг хүлээдэг. Харин коммутарианчууд түүнийг цөөнхийн эрх олонхийн өмнө өвөг сөхөрдөг мэт ойлгох нь буруу юм. Эрх зөрчилдөггүй, гагцхүү эрх ашиг зөрчилддөг гэсэн үг бий. Учир нь хүн бүр амьдрах, өмчтэй байх, эрх чөлөөтэй байх эрхтэй. Эдгээр эрхээ эдлэхдээ бусдын тийм эрхийг зөрчихгүй байх нь боломжтой зүйл. Жишээ нь тамхи татдаг хүн тамхиа татахдаа тамхи татдаггүй хүний дэргэд татах нь түүний эрүүл амьдрах эрхийг хөндөж байна. Либералистууд та бусдын эрүүл байх эрхийг хөндөөд тамхиа татахыг номлодоггүй харин ч эсэргүйцдэг. Гагцхүү тамхи татдаг хүн тамхиа татахдаа ганцаараа байхдаа, эсхүл тамхи татах зориулалтын өрөөнд тамхи татдаггүй хүний эрхийг зөрчихгүйгээр эрхээ эдлэх боломжтой хэмээн зөвлөдөг. Энд эрх зөрчигдөхгүй байгаа биз. Гагцхүү эрх ашиг зөрчилддөг. 10 хүн автобусанд зорчиж байгаа гэж бодъё. 8 хүн нь тамхи татахыг хүссэн ашиг сонирхол байхад 2 хүн эрүүл байхыг хүснэ. Энд Эрүүл байх, тамхи татах ашиг сонирхол зөрчилдөж байна.

Хоёрдугаарт: Нийгмийн ардчилал, ардчилалын үнэт зүйлстэй зөрчилддөг гол үнэт зүйл бол нийтлэгийн тухай ойлголт юм. Ардчилал бол олонхийн засаглал биш. Харин коммутарианчууд олонхийн буюу нийтлэг ашиг сонирхолын засаглал гэж үздэг. Өнгөрсөн түүхээс аваад үзье л дээ. Марксист Ленинист үзлээр бол хүн бүр нийтлэг ашиг сонирхолтой байхыг номлодог. Фашизмд Дэлхийд зөвхөн цэвэр үндэстнүүд оршин тогтнох ёстой гэж үздэг. Өөрөөр хэлбэл олонхийн буюу нийтлэг ашиг сонирхолыг өнгөрсөн цаг хугацаанд, түүхийн аль ч үед номлосоор ирсэн. Тэд нийтийн ашиг тусын тулд боолчлолыг хөхүүлэн дэмжиж, нийтийн ашиг сонирхолын төлөө нэг, хоёрдугаар дайныг эхлүүлсэн.

Нийтлэг гэж юу юм? Нийтлэг ашиг сонирхол гэж юуг үзэх вэ? Нийтлэг ашиг сонирхол гэж байх болов уу? Хэрэв нийтлэг ашиг сонирхол гэж байгаа бол тэр нь юу болж таарах вэ? Гээд олон асуулт дээрхээс урган гарч байгаа юм.

Нийтлэг гэдэг ойлголтыг 100% гэж үзвэл нийтлэг нь 99%, эсхүл 98% байх боломжгүй юм. Нийтлэг гэдгийг олонхи гэж тодорхойлж болохгүй. Хэрэв нийтлэг нь олонхи мөн бол олонхийн ашиг сонирхолын үүднээс цөөнхийг дарангуйлна гэсэн үг. Эндээс дараах логик гаргалгаа гарч байна.

Нэгт. Эрх зөрчилддөггүй, эрх ашиг зөрчилддөг.

Хоёрт. Эрх ашиг зөрчилддөг бол олонхийн эрх ашиг цөөнхийн эрх ашигтай зөрчилдөнө.

Гурав. Олонхи эрх ашигаа хэрэгжүүлэхийн тулд цөөнхийн эрхийг хөнддөг.

Дөрөв. Олонхи эрх ашигаа хэрэгжүүлэхийн тулд цөөнхийг дарангуйлж байсан Монгол болон дэлхийн түүх бий. Жишээ нь: 1937 оны хэлмэгдүүлэлт Гитлер, Муссолини-ийн фашист дэглэм гэх мэт олон мянган түүхийг хэлж болно. Эндээс үзэхэд нийтлэг бол олонхи биш болох нь тодорхой байна. Хэрэв Нийгмийн ардчилагчид нийтлэгийг олонхи гэж үзэж байгаа бол тэр нь ардчилал биш дарангуйлалын тоталитар тогтолцоо болно.

Нийтлэг гэж юу юм бол? Хэрэв нийтлэг нь 100% -ийн ойлголт мөн бол. Нийтлэг ашиг сонирхол гэж байх боломжтой үгүйг авч үзье.

Хүн бүрт ашиг сонирхол / Хүсэл ашиг сонирхолыг бий болгодог / гэж бий. Тэр ашиг сонирхолууд зөрчилдөж байдаг талаар дээр авч үзсэн. Хэрэв хүн бүрийн ашиг сонирхолуудыг нэгтгэн нийтлэг ашиг сонирхол болгоно гэх нь бүтэхгүй зүйл юм. Би бага байхдаа Жим Керригийн тоглосон бурхан болдог нэг киног би үзэж байсан юм. Жим Керри бурхан болоод бүх хүний хүслийг биелүүлдэг. Гэтэл юу болсон гээч дайн бол, эмх замбараагүй байдал үүсч хүмүүс үхэж, бие биенийгээ алж, тэнд ёстой л жунглийн хууль үйлчилж байсан. Хүмүүсийн зарим нь дайныг хүсч түүнээс ашиг хонжоо хайж байхад зарим нь энхтайван хүснэ. Хүсэл бүхэн хоорондоо зөрчилддөг учир тэр бүхнийг биелүүлэх боломжгүй, тэр бүхэн нэгдэх боломжгүй юм. Яг л ус гал хоёрыг нэгтгэж болдоггүйтэй ижил. Эндээс нийтлэг ашиг сонирхол гэж байх боломжгүй болж таарч байна.

Нийтлэг ашиг сонирхол байх боломжгүй. Гагцхүү нийтлэг эрх гэж бий. Учир нь хүн бүрт амьдрах, эрх чөлөөтэй байх, өмчтэй байх эрх гэж бий.

Бас нэг логик гаргалгаа гаргаад үзье.

Нэгт. Хүн бүрт жам ёсны эрх гэж бий.

Хоёрт. Эрх зөрчилддөггүй.

Гуравт. Эрх зөрчилддөггүй бол хүн бүрт нийтлэг эрхтэй.

Эндээс нийтлэг ашиг сонирхол гэж байхгүй харин нийтлэг эрх гэж бий. Дээр өгүүлсэнчлэн автобусанд байсан 10 хүний 8 нь тамхи татахыг хүсээд нийтийн ашиг сонирхолын үүднээс 2 хүний эрхийг зөрчиж байна. Коммутарианчууд үүнийг л номлодог. Нийтийн буюу олонхийн ашиг сонирхолын үүднээс цөөнхийг эрхийг хязгаарлаж болно гэж үздэг. Харин либералистууд 8 хүний ашиг сонирхолоо хэрэгжүүлэхдээ хүний эрхийг зөрчихгүй байхыг номлодог. Өөрөөр хэлбэл 8 хүн тамхи татах эрх чөлөөгөө эдлэж байгаа бол 2 хүний эрхийг зөрчих ёсгүй. Тиймээс машинаа зогсоон гадаа тамхи татахыг зөвлөдөг. Тэгэхээр аль нь ардчилалын үнэт зүйлстэй зөрчилдөж байна.

Тэгш эрх, тэгш байдал

Жереми Бентхаам Хүн бүр өөрөө өөрийнхөө хувьд үнэ цэнэтэй хэмээснээр боолчлол, ялгаварлан гадуурхалт, кастын системийг үгүйсгэж чадсан юм. Хүн бүр өөрөө өөрийнхөө хувьд үнэ цэнэтэй бол хүн бүрхуулийн өмнө тэгш эрхтэй хэмээн номлодог. Эртний грекийн хуульч цицерон хүн бүр адил авъяас чадваргүйгээс баялагийг тэгшитгэх нь хүсэм зүйл биш, харин ядахад иргэдийн дунд хуулийн тэгш эрх олгох ёстой / Дэвид Боаз Либертарианизм Уб.,2005 Б.Батчулууны орчуулгаас ишлэв / хэмээсэн байдаг нь өнөөгийн нийгмийн ардчилал, Либерал ардчилалын маргааны нэгэн сэдэв болдог.

Тэгш байдлыг хэд хэдэн утгаар тайлбарладаг / Эгалитари үзэл /. Нэгдүгээрт: Үр дүнг тэгш байлгах, хоёрдугаарт: Боломжийг тэгш байлгах нь зүй ёсны хэрэг хэмээн үздэг. Үр дүн тэгш байлгах гэдэг нь ижил цалин хөдөлмөр, ижил үр дүн юм. Хүни хөдөлмөр ижил бус, гэвч үр дүн нь ижил байж, ижил хөрөнгөтэй, ижил түвшиний хувцастай, ижил хэрэглээтэй байхыг шаарддаг. Жишээ нь: Хоёр хүн уралдаад нэг хол түрүүлж байхад хоёуланг нь нэгдүгээр байран оруулж ижил хэмжээгээр шагнаж байгаа явдал юм. Харин үүнд шударга ёс гэж байдаггүй. Бид 70 жил энэ замаар явж ирсэн тул горыг нь сайн мэдэх байх. Бодоод үз л дээ хүн бүрийн авъяас чадвар ижил байх боломжгүй. Социализмд баян хоосны ялгааг арилгаж, эд баялагийг тэгшитгэх гэж оролдож байсан. Бид бүхэн бүгд мэднэ шүү дээ. Хүн бүрийн гарт ижилхэн мөнгө олгосон ч хэрэглээ нь өөр учир хөрөнгө нь ижил байх боломжгүй болж ирсэн юм. Нөгөө талаар бүхнийг тэгшитгэх нь огт боломжгүй зүйл юм. Тухайлбал: хүний өндөр, нам, бүдүүн нарийн, дуу хоолойг тэгшитгэж чадахгүйтэй ижил хэрэглээг тэгшитгэх боломжгүй юм. Хоёр хүнд сар бүр ижил 70 өгвөл нэг нь архи ууж үрж байхад нөгөөх нь хуримтлал үүсгэн баялаг болгодог. Ингэснээр хэдхэн сарын дараа баялаг нь тэгш бус болно. Тэр бүхнийг зохицуулах нь боломжгүй зүйл юм. Одоо хоёрдугаар тодорхойлолтыг тайлбарлая. Коммутарианчууд хүн бүрт тэгш боломж олгох ёстой хэмээн номлодог. Боломжийг тэгш байлгах гэдэг нь амжилтанд хүрэх тэгш боломж олгохыг хэлж байгаа юм. Боломж тэгш байх боломжгүй юм. Дуучин, хуульч хоёр дууны тэмцээнд орвол боломжийг ижил байлгах үүднээс дуучны дуулах чадварыг үгүй хийх ёстой болж таарна. Хэрэв ингэвээс үр дүн нь тэгш гарч таарна шүү дээ. Нөгөө талаар хүн бүр ижил гэр бүлд төрөхгүй. Тэдний боломж нь янз бүр зарим нэг нь төрөлхийн хөгжлийн бэрхшээлтэй төрж байхад, зарим нэг нь хуульчийн гэр бүлд төрнө. Боломж нь ижил биш. Үүнийг тэгшитгэж байна гээд хуульчийн гэр бүлд төрсөн хүүхдийг тахир дутуу болгож болохгүй шүү дээ. Харин хуулийн өмнө тэгш эрхтэй гэдэг нь хуульчийн хүүхэд байна уу? Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд байна уу? Гэдэг нь хамаагүй гагцхүү шалгуур нь ижил байхыг хэлж байгаа юм. Шалгалтандаа тэнцсэн хэн ч болов хуульч болох боломжийг олгох хэрэгтэй түүнээс бус хуульчийн хүүхэд оноо өгөх, эсхүл хасах, хөгжлийн бэрхшээлтэй гээд оноо нэмэх нь шударга ёсонд үл нийцнэ.

Мэдэх эрх ба патернализм

Мэдэх эрх бол өөрөө өөрийгөө өмчлөх, удирдах, өөрийн хүссэнээр амьдрах эрх юм. Коммутарианчууд түүнийг экзестенциализм хэмээн эндүүрдэг. Дээр өгүүлсэнчлэн өөрийн дураар амьдрахдаа бусдын тийм эрхийг зөрчихгүй байх үүргийг хүлээж байж сая эрх болдог билээ.

Дорнын филисофид Эхнэр, хүүхэд эцгийн өмч байсан. Эхнэр, хүүхэд нөхрийн үгийг эс дагаваас хуулийн чанга хатуу шийтгэл хүлээдэг байсан нийгэм саяхан. Боолын эзэд боолыг арилжиж, наймаалж, хүссэн үедээ тэднийг хороодог байсан нийгэм саяхан. Хүн бүр эрх чөлөөтэй байх эрхтэй, хүн бүр амьдрах эрхтэй, хүн бүр өмчтэй байх, түүнийгээ захиран зарцуулах эрхтэй юм. Гагцхүү мэдэх эрх бол дээрх эрх хэрэгжих гол нөхцөл болдог. Хүүхэд эцэг, эхийн шийдвэрээр сурч, тэдний шийдвэрээр гэрлэж, тэдний шийдвэрээр гэр бүлээсээ салдаг стереотип одоог хүртэл Монголд байна. Эхчүүд хүүхдүүдээ загнахдаа би чамайг төрүүлсэн юм чинь алсанч яахав хэмээн загнадаг. Хүүхдэд өнөөг хүртэл өөрийн хүссэнээр амьдрах, өөрөө өөрийгөө мэдэх эрх алга байна. Коммутарианчууд харин үүнийг харин ч зөвлөдөг. Тэд хүүхэд бол нийгмийн өмч тиймээс төр хүүхдийг хүмүүжүүлэх ёстой гэдэг. / Клинтоны нийтийн тосгоны үзэл / Хүн бүрийг цэрэгт явахыг шаардаж, энэ нь эх орныхоо аюулгүй байдлыг сахин хамгаалж байна гэж үздэг. Харин тэр цэрэгт юу болдог вэ? Дарангуйлал, харгислал оршдог. Сүүлийн хэдэн жилд Монголд цэрэг амиа алдах, амь хорлох явдал гарсаныг мэдэх үү? 18, хамгийн сүүлд Дорноговь-ийн 4 цэрэг бусдыг барьцаалан 3 хүний амийг хороосон мэдээ бий. Манай ах цэрэгт яваад хөлгүй болохоо шахаад ирсэн. Цэргээс сорвитой ирэхгүй байх нь ховор тэгсэн хэрнээ эрэгтэй хүн бүрийг албадан явуулахыг зорьдог. Хүн нийгмийн өмч биш шүү дээ. Үүнийг патернализм гээд байгаа юм. Эцгийн эрх ёс оршин тогтноож хэдэн мянган жил өнгөрсөн ч нөгөө уламжлал, харанхуй номлол оршсоор л байна. Төр иргэнийг хүүхэд шигээ санаж юу хийх, юу хийж болохгүй тухай зааж, зааварлаж, татварынх нь мөнгөөр тэдэнд огт хэрэггүй олон халамжийн системийг болгодог. Патернализм /Эцгийн халамжит төр/ ямагт хүний мэдэх эрхийг хөнддөг. Эцэг, эхийнхээ үгнээс гарч чаддаггүй хүүхэд биеэ даах, ажил хөдөлмөр хийх чадваргүй болдог шүү дээ. Хүүхэд эцгийн өмч биш. Түүний амьдралын туршилтын туулай ч биш. Өнөөгийн хуулийг харвал Патерналист, маскулинити /эрэгтэйлэг шинж/ шинжийг агуулсаар байна. Халамжийн системийг харалдаа хүүхдийнхээ ажил хийж олсон мөнгийг согтуудаа баярхаад үрж буй эцэг шиг л. Согтуу эцэг хүүхэддээ мөнгийг хаа хамаагүй цацдаг шүү дээ. Нөгөө талаар халамжлах бодлогыг үргэлж баримталдаг. Хүүхэд нь өнөөдөр идэх хоолоо эцгээсээ асууж эцгийнхээ баталсан хоолыг идэж, ажил хөдөлмөр хийдэг. Төсвийг гэр бүл биш эцэг л батална. Өнөөгийн төсвийн тухай хууль яг л ийм байна. Хаа байсан Хархорин сумын асуудлыг төр шийдэх гэж оролдож байна. Патерналист төрийн хамгийн том жишээ бол Горбачевийн үеийн оросын систем шүү дээ. Тэд эмэгтэй хүний дотуур хувцас юу үйлдвэрлэх, хэдэн төгрөгөөр үйлдвэрлэхийг зааж, загварыг нь хүртэл баталсанаараа эмэгтэйчүүдийнхээ дотуур хувцасны асуудлыг шийдэж чадаагүй төр гэсэн хочийг авсан байдаг. Эцгийн халамжит төр нь иргэдээ ядууруулахаас өөр замыг үлдээдэггүй.

Чөлөөт эдийн засаг ба Интервеционист бодлого

Чөлөөт эдийн засаг, Интервенционист бодлогын талаарх ялгааг төр зах зээлд хутгалдвал ядуурал, өлсгөлөн угтдаг эссэндээ дэлгэрэнгүй тайлбарласан тул энэ сэдвийг тухайн эссэнээс уншина уу.

Нийгмийн ардчилал бол олонхийн дарангуйлал

Дарангуйлал гэдэг бол хүч хэрэглэн болон гарцаагүй байдал үүсгэн өөрсдийн хүсэл зоригийг тулган хүлээлгэх замаар хэрэгжүүлдэг албадлагын арга хэрэгсэл юм.

Нийгмийн ардчилал бол олонхийн ашиг сонирхолд дулдуйдан цөөнхийг дарангуйлдаг систем. Тэр зүгээр он цагийн эрхээр зүсээ хувиргасан нь энэ. Дарангуйлалын олон систем олонхи нь цөөнхөө, цөөнх нь олонхийг дарангуйлдаг монархи, олигархи, фашист, нацист, коммунист /дарангуйлал зүсээ хувиргасан гэж үзэж байна/ гэх мэтээр нэр томъёо нь өөрчлөгдсөөр л ирсэн. Нийгмийн ардчилал бол орчин үеийн нэгээхэн зүс хувиргалт юм.

Олонхийн хүсэл зориг нь бусдын эрх, эрх чөлөөг хязгаарлаж, хөндөхийг тэд олонхийн ардчилал гэж үздэг. Ардчилсан нийгэм бол олонхи тиймээс олонхийн шийдвэрийг үг дуугүй дагах нь ардчилал мөн хэмээн номлодог. Тиймээс тэд ёс суртахууныг номлож, төрийн өмч бол хүүхэд тиймээс хүүхдийг төр хүмүүжүүлэх ёстой, төрийн өмч бол иргэн тиймээс иргэн нийгэм төрийн өмнө хариуцлага хүлээх ёстой гэж үздэг. Тэд хувь хүний аюулгүй байдлаас илүүтэй үндэсний аюулгүй байдлыг чухалчилж үндэсний аюулгүй байдлын төлөө нэг хүний аюулгүй байдлыг хөндөх нь зүй ёсных гэж үздэг. Эдийн засагт төрийн хяналт тавьж үнийг барих нь нийгэм, олонхийн ашиг сонирхолын төлөөх зүй ёсны үйлдэл хэмээн үздэг. Нийтийн ашиг сонирхолын төлөө тэд дандаа хувь хүний эрхийг хөнддөг. 8 хүн тамхи татах шийдвэр гаргасан бол 2 хүн түүнийг биелүүлэх ёстой гэж үздэг. Нийгмийн ардчилалд өөрөө өөрийгөө эзэмшиж болохгүй. Эцэг эхийн заавраар Ерөнхий боловсрол эзэмшинэ, төрийн тооны үзүүлэлтээр мэргэжлээ сонгоно. Сургуулиа төгсөөд цэрэг явна гээд маш олон. Харин ардчилал бол тулган хүлээлгээгүй эмх журам юм. Ардчилал чиний юу хийх, юуг хийж болохгүй вэ гэдгийг номлодоггүй. Ардчилалд бүх хүн тэгш эрхтэй олонхи нь цөөнхөө цөөнх нь олонхийг дарангуйлах, олонхийн ашиг сонирхолын төлөө цөөнхийн эрх хөнддөггүй. Тэнд нийтийн тосгоны филисофи гэж байдаггүй. Мянган хүний эрх, нэг хүний эрх нэг нэгээрээ хязгаарлагддаг. Тиймээс нийгмийн ардчилал бол ардчилал биш олонхийн дарангуйлал юм.

Төр зах зээлд хутгалдвал өлсгөлөн, ядуурал угтдаг

Төр зах зээлд хутгалдвал өлсгөлөн, ядуурал угтдаг
Социалистууд нийгэм дэх үйлдвэрлэлийг юу хамгийн үр дүнтэй болохыг тооцоод гаргачихдаг инженерчлэлийн асуудал мэт үздэг. Людвиг Фон Мизес
Зах зээл бол инженерчлэлийн тооцоолол биш. Зах зээл бол үйлдвэрлэгч, хэрэглэгчдийн хоорондын худалдах, худалдан авах харилцаа юм. Үйлдвэрлэгчид хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээ, худалдан авах чадварыг тодорхой мэдээллийн үндсэн дээр тооцоолон үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнээ боловсруулдаг. Үйлдвэрлэгчдийн мэдээллийн систем бол чөлөөт зах зээлийн нийгэмд үнийн систем болдог. Харин социализмд тэрхүү хэрэглэгчдийн хүсэл зоригийг илэрхийлсэн мэдээллийн / үнийн / систем байдаггүй юм. Социализм зах зээлийг инженерчлэж, үнэ, үйлдвэрлэлийн хэмжээг төрөөс тогтоосноороо тооцооллын систем ажиллана гэж үздэг. Гэвч хүний хүслийг тооцоолох боломжгүй юм. Зах зээл бол хязгааргүй хэрэгцээг хязгаарлагдмал нөөцөөр хангах эдийн засгийн нэгэн институт билээ. Тийм байтал хүний хүслийг тооцоолж, түүнд нь тааруулсан бүтээгдэхүүнийг яаж үйлдвэрлэх билээ. Социализмд төр зах зээлийн үйл ажиллагаанд оролцож хэрэглэгчдийн худалдан авах чадварыг тэгш байлгахыг зорьдог. Гэвч хүний хүслийг тэгшитгэж / эгалитари / болохгүй. Өнөөдөр дэлхийн нийтэд чөлөөт зах зээлийн тогтолцоо үйлчилж байна. Тэд хэрэглэгчдийнхээ эрэлт, хэрэгцээг судлан хэрэглэгч бол хаан гэсэн уриатаагаар бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж байна. Төвлөрсөн төлөвлөгөөт зах зээл нь хэрэглэгчдэд тулгуурласан бус нийгмийн тодорхой институтэд тулгуурласан үйлдвэрлэлийн бодлого баримталдаг нь дэлхий дахинд хоцрогдлыг авчирсан билээ. Өнөөдөр төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засаг, зах зээлийн эдийн засгийн талаарх маргааныг хэн ч дэгдээхгүй байх. Учир нь төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн системийг хэрэглэж байгаа улс орнуудад иргэд бус төр нь данхайж, өлсгөлөн ядууралтай нүүр тулаад байгаа билээ. Социализмд иргэд аскетизмтай / өөрийнхөө хэрэгцээг хязгаарлаж, хатамжлах маягаар амьдрах / нүүр тулдаг. Тэд өөрийнхөө хүсэл зориг, хэрэгцээгээ хязгаарлан хатамжилсанаараа эдийн засгаа дээшлүүлнэ гэж үздэг. Монгол зүйр үгэнд Иргэн баян бол төр баян гэсэн үг бий. Харин эдийн засаг бол хязгааргүй хэрэгцээг хязгаарлагдмал нөөцөөр хангах явдал юм. Дээрх хоёр үгнээс логик гаргалгаа гаргавал иргэн хязгааргүй хэрэгцээгээ хязгаарлах нь нөөцийн илүүдэлд хүргэдэг. Мао зидунь төмөрлөгийн илүүдэл нөөцийг бий болгосоноороо 1 сая хятад иргэд өлсгөлөнгөөр нас барж байсныг санах хэрэгтэй. Иргэд хэрэгцээгээ хязгаарлах аваас хязгаарлагдмал нөөц баялагтай болж, иргэн баялаг бүтээгч бус болно. Ийм л учраас социализмд баялаг бүтээгч иргэн гэсэн ойлголт байдаггүй. Социализмд иргэд нь баян бус төр нь баяждаг. Харин ядууралд автаж байгаа иргэддээ халамжийн бодлого баримталдаг. Ийм учраас төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засагтай улс орнуудад ядуурал аянга цахилгаан мэт нүүрлэдэг. Монгол улс 1992 онд Ардчилсан нийгмийг байгуулсан. Гэвч өнөө хир хувьчлал явагдахгүй, зах зээлийн үндсэн мэдээллийн систем болсон үнийг төрөөс зохицуулж байгаа нь ядуурлаас гарахгүй байгаагийн нэг шалтгаан болж байгаа юм. Социалистууд үнийг барихгүй бол үйлдвэрлэгчид тэнгэрт тултал нь үнэ хөөрөгдөөд харин ч их ядууралд орно гэж айдаг. Тийм ч учраас тэд үнийг зохицуулахыг оролддог. Харин ч энэ нь буруу юм. Үнийг хэт хөөрөгдвөл үйлдвэрийн нөөц илүүдэлд гарч тухайн эрэлт хэрэгцээ буурна гэдгийг ямарч эдийн засагчид мэддэг. Үнийг хэрэглэгчдийн нөөц боломжинд тааруулж тогтоож эс чадвал үйлдвэрлэгчид өөрсдөө дампуурахад хүрдэг. Харин төр үнэ тогтоох үйл явцад оролцвол үйлдвэрлэгчид, хэрэглэгчид хоёрын дунд хаалт болдог. Хаалтны хоёр талаас бие биенээ таньж мэднэ гэдэг хэцүү. Социалистууд мэдээллийн системийг устгах нь зах зээлд хортойг мэддэггүй. Монголд өнөөдөр яг ийм л байдалд хүрчихээд байна. Монголын төр Интервенционист бодлого баримтлаж байгаа нь ядуурал өдрөөс өдөр ирэх тусам газар авах үндсэн шалтгаан болж байгаа юм. Засгийн газар Интервенционист / Социализм, Капитализмын хоорон дахь зам, нийгмийн зохион байгуулалтын гуравдахь арга гэж өөрсдийгөө тодорхойлдог. Засгийн тогтоолоор зохицуулж, хянан шалгаж, чиглүүлж байдаг хувийн өмчийн систем / бодлого баримталж байгааг хэд хэдэн үйл явдлууд гэрчилж байна. Төр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тогтоосон, хувийн бизнессменүүдийн гаргасан хохирлыг төр хариуцсан, өргөн хэрэглээний бараа болон бусад бараа бүтээгдэхүүний үнийг тогтоосон, барилгын салбарт хөндлөнгөөс оролцсон, хувийн хэвшлийг өөртөө нэгтгэсэн, нүсэр төсөв, бүтэц бүхий засгийн газрыг хөхүүлэн дэмжсэн, халамжийн систем нь өргөжсөөр байгаа гээд тоочвол маш олон Интервенционист, этатист социалист маягийн бодлогыг хэрэгжүүлж байна. Иймээс товчхон хэдхэн жишээг дуръдая. 1. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тогтоох. Нэрт эдийн засагч Людвиг Фон Мизес “Ажил олгогчид, ажилчдын хоорондын харилцаанд хөндлөнгөөс оролцохгүй, үйлдвэрчний эвлэлийн зүгээс албадлагын арга хэмжээ авахгүй байвал хөдөлмөрт ногддог цалин хөлс, үйлдвэрлэлийн үйл явцад уг хөдөлмөрийн нэмсэн үнэлэмжийн өсөлттэй яг тэнцүү байдаг” хэмээжээ. Зах зээл бол өрсөлдөөн. Өрсөлдөөнд хүний нөөцийн бодлогыг зөв тодорхойлж ажилчны тогтвор суурьшилтай, бүтээмж өндөртэй ажиллуулах үйл явцыг хүний нөөцийн систем бүрдүүлдэг. Мэдээж цалин, урамшуулал багатай, тэдгээр нь амьжиргаанд нь хүрэхгүй бол өрсөлдөгч өөр нэг компанид ажиллах болно шүү дээ. Тиймээс л тухайн компани ажилчдынхаа цалинг тооцох, хүний нөөцийн системээ бүрдүүлэх хэрэгтэй гэж чөлөөт эдийн засагт үздэг. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг бүрдүүлэх нь инфляци бий болгож, бүтээмжийг бууруулдаг нь судалгаанаас харагдсан байдаг. Ер нь бол хөдөлмөр бол өөрөө зах зээл учир төр хөндлөнгөөс оролцох нь ажилгүйчүүдийн тоог нэмэгдүүлэх нэг алхам болдог. Дээр өгүүлсэнчлэн зах зээлийн мэдээллийн систем болсон үнэ / цалин /-ийг тогтоох нь үл ойлголцлыг бий болгодог. Монгол улсын сүүлийн 5 удаагийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тогтоосон байдлыг танилцуулж байна. • 1998.01.01-ээс ХХДХ-ээг 1 цагийн 71 төгрөг 01 мөнгө • 2004.03.01-ээс ХХДХ-ээг 1 цагийн 236 төгрөг 68 мөнгө • 2005.07.01-ээс ХХДХ-ээг 1 цагийн 251 төгрөг 48 мөнгө, сарын 42500 • 2007.10.01-ээс ХХДХ-ээг 1 цагийн 535 төгрөг 71 мөнгө, сарын 90000 • 2008.01.01-ээс ХХДХ-ээг 1 цагийн 642 төгрөг 85 мөнгө, сарын 108000 болгосон шийдвэрүүдийг гаргаж байсан байна. Монголын Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимаас 2008 оны 10 сард дараах санал зөвлөмжийг Засгийн газарт санал болгосон байна. Үүнд: • Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тогтоохгүй байх. Инфляцийн түвшин өндөр бус, инфляц нь зардлын хүчин зүйлсээс ихээхэн хамааралтай манай улсад хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тогтоох нь их төлөв инфляц хөөрөгдөх хүчин зүйл болдгийг өнгөрсөн жилүүдийн туршлага, сургамж харуулж байна. Тэр тусмаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тогтоох, төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлэх нь эдийн засгийн, зөвшилцөл дээр суурилсан гэхээсээ илүү улс төрийн хүчин зүйлс, тодорхой намын сонгуулийн бодлого ой холбогдож ирсэн нь нэгэнт илэрхий зүйл билээ. • Хэрэв хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг үнэхээр тогтоох эдийн засгийн болон нийгмийн бодитой бөгөөд онол, практикийн хувьд маргашгүй үндэслэл байгаа гэж нотолбол түүнийг бүс нутгаан ялгавартай тогтоох нь хувийн хэвшилд төдийгүй нийт ажилтнуудад ач холбогдолтой, бодит байдалд зохицсон механизм болж чадна. Социалистууд Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тогтоохыг оролддог. Ингэсэнээрээ ядуурлыг багасгана гэж үздэг. Социалистууд зах зээлд хөндлөнгөөс оролцохдоо улс төрийн шийдвэр гаргадаг. Тэд бизнесс, зах зээлийг мэддэггүй. Учир нь ямарч бизнессмен хүн хэт бага цалингийн системээр бизнесст амжилт олохгүй гэдгийг анхнаасаа мэддэг. Тиймээс зөв төсвөөр, зөв цагт, зөв хүнийг авч ажиллуулахыг зорилгоо болгодог. Сайн бизнесс бол ажилтнуудынхаа сэтгэлзүйн орчноос хамааралтай гэдгийг Япон Тоёота Митцибуши компани нотолсон байдаг. Бодоод үздээ үйлдвэрлэх боломжийн хэрээр ажиллах хүч авч ажиллуулж, түүнийхээ хэрээр тохирсон цалин хөлс олгож чадахгүй бол тэр компани дампуурдаг. Социалистууд эрсдлээс айдаг гэвч эрсдэлгүй бизнесс, эрсдэлгүй амжилт гэж хаана ч байхгүй. Монгол улс өнөөдөр Интервенционист бодлого баримталж буйн жишээ нь энэ. Ардчилсан нийгэмд социализмыг хэрэгжүүлнэ гэсэн эндүүрлээ одоо салах хэрэгтэй. 2. Барилгын салбарын үнийг тогтоох / 4000 айлын орон сууц / Бизнесс бол өрсөлдөөн. Хоёр хүн уралдаж байхад нэгэнд нь дугуй, нөгөөд нь гав өгч болохгүй. Төр зүгээр хөндлөнгөөс аль нэг нь хууль зөрчиж байна уу? үгүй юу гэдгийг хянах л хэрэгтэй. Би хянах гэдэг шалгаад, салгаад, дампууруулаад гэж хэлээгүй шүү. Учир нь хяналт гэдэг бол хөндлөнгөөс ажих гэсэн утгатай үг шүү дээ. Капиталыг бизнессмен, иргэд бүтээдэг болохоос төр биш. Өнөөдөр төрийн хийж буй ажлыг харахаар Монгол улсыг сүйрүүлэх, дампууруулах, иргэдээ ядуурал руу түлхэх ажил хийгээд байгаа мэт харагдах юм. Барилгын салбарынхан авилгал , хахуулийн мөнгөө байрны үнэнд оруулж байрны үнэ тэнгэрт хадсан. Угтаа зах зээлийн жамаар бол үнэ буурах үзэгдэл явагдахын өмнө Барилгын салбарт төрөөс 400 гаруй тэр бум төгрөгийн зээл олгосон. Барилгын үнэ буурсангүй, авилгал ч буурсангүй. Зах зээлийн жамаар буруу шийдвэр гаргаж, хууль зөрчин авилгал өгч, түүнийхээ үнийг тэнгэрт тултал тавьсан үнийн мэдрэмжгүй компани нь дампуурах ёстой байдаг. Ингэснээрээ Барилгын компаниуд хаа сайгүй, хүмүүсийн эрэлт хэрэгцээнд тулгуурлаагүй, үнийн систем буюу мэдээлэлд тулгуурлаагүй үйлдвэрлэл явуулахаа зогсоож хэрэглэгчдийн боломж бололцооны хэрээр үйлдвэрлэлээ явуулах боломжийг эрэлхийлдэг болдог. Ингэснээрээ иргэд байр авах боломжтой болж, барилгын салбар дампуурлаас ангижрах ёстой байдаг. Одоо дахин Барилгын салбар нэг удаа төр даасан одоо дахин даах ёстой гээд төрийн албан хаагчдын 4000 төсөл бариад ороод ирж байна. Барилгын салбарт 500 гаруй тэр бум төгрөг гацаад байгаа гэнэ. Энэ явдлыг хараад барилгын салбар яг Мао Зидунь шиг хэт их бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн гэсэн дүгнэлтэд хүрсэн юм. Өөрөөр хэлбэл барилгын компаниуд хэрэглэгчдийн боломжинд тулгуурлаагүй, зах зээлийн жамаар яваагүйг хэлж байгаа юм. Ийм учраас Барилгын салбар цаашид ч дампуурна. Учир нь төр хатамжлах Интервенционист бодлогоо зогсоогоогүй цагт барилгын салбар уналтанд байсаар байна. Иргэд байр авч чадахгүй хэвээр л байр, төр ч ядуурна бүгд ядуурна. Би үүнийг л хэлээд байгаа юм. Төр хатамжлах бодлого явуулах, зах зээлд хөндлөнгөөс оролцох нь иргэдэд, үйлдвэрлэгчдэд, капиталыг бүтээгчдэд, төрд хортой. Гагцхүү төрийн шийдвэр гаргаж буй тодорхой хэдэн улс төрчдөд ашигтай. Үүнийг л Олигархи гээд байгаа юм шүү дээ. 3. Эрсдэл, хохиролыг төр хариуцах тухай хууль гаргасан. 2009 онд эдийн засгийн хямрал эхэлж Монголын банкны салбарт ихээхэн том цохилт болсон гэж үздэг юм. Төр Банкны баталгааг дааж, эрсдлийг хариуцах болсон шийдвэрийг УИХ-аас гаргасан нь төр бизнессийн ашиг сонирхолын шийдвэр гаргалаа гэсэн хардлага төрүүлсэн юм. Төрийн үүрэг бол иргэдийн эрх чөлөөг хамгаалах явдал болохоос хувийн бизнессийн эрсдлийг хамгаалах явдал биш. Анод, Зоос дампуурсан үйл явцыг харвал эдийн засгийн хямрал гэхээсээ илүүтэй банкны удирдлагуудын хууль бус үйлдлээс болсон байдаг. 2008 оны сонгуулиар банкны тухай хууль болон холбогдох хууль, журмуудыг зөрчин хэт их зээлийг улс төрчид, бизнессменүүдэд төвлөрүүлэн өгсөнөөр чанаргүй зээлийг бий болгож, чанаргүй зээл нь дампуурлын шалтгаан болсон байдаг. Зөвхөн 2 банкны дампуурал нь 300 гаруй тэр бум төгрөгний алдагдлыг улсын төсөвт авчирсан. Төр хууль зөрчсөгсдийн хохирол төлдөг байгууллага биш. Хууль зөрчсөн үйлдэл бүрийн учирсан хохирлыг төр төлөх ёстой юм бол Говь-Алтайд гарсан малын хулгайн хохирлыг гэмт этгээд бус төр төлөх ёстой. Энэ их энгийн ойлголт хууль зөрчсөн үйлдэлд ялгаа байдаггүй. Хууль зөрчсөн бол хууль зөрчсөн их багын ялгаа гэж үгүй. Гэтэл төр энэ нь их, тэр нь бага гэсэн байдлаар асуудалд хандаж болохгүй. Би төрийг хохирлыг, эрсдлийг даах ёстой гээгүй. Гагцхүү хэрэв банкны эрсдэл, хадгаламж зээлийн хоршооны хохирлыг төр хариуцах ёстой бол бусад хохирлыг ч мөн адил хариуц гэж байгаа юм. Фредрих Бастиа “Хууль” бүтээлдээ: Хуулийг луйвар болгогчид хуульчлагдсан тонуул хийдэг тухай өгүүлсэн байдаг. Этатист Социализм ийм л үр дүн авчирдаг. Өнөөдөр тийм л замаар яваад байгаа учир банк, хадгаламж зээлийн хоршооны хохирлыг төр дааж байгаа юм. Социализмд үйл явдалдаа хууль захирагддаг. Харин эрх зүйт төрд хуульд бүхэн захирагддаг үүнийг санаж Монгол улс 1992 онд аль замаар явах шийдвэрийг гаргасаныг бодох хэрэгтэй. 4. Хяналт шалгалт, татвар, төсвийн увиагүй систем Угтаа хяналт шалгалт гэдэг нь хууль зөрчсөн эсэхийг хянах хяналт юм. Зах зээлийн нийгэмд хяналт шалгалт нь хувийн бизнесс үйл ажиллагаанд саад учруулахгүй байхыг зорилго болгодог. Гэвч өнөөдөр Монголд жижиг дунд үйлдвэрлэл, бизнесс эрхлэгчдэд бизнесс эрхлэх боломжийг төр олгодоггүй. Иргэн бизнесс эрхлэхийн тулд төрийн албаны хаалгыг 1 сар түүнээс илүүтэй сахих, бизнесс эрхлэж байх явцдаа хэдэн арваар нь тайлан тэнцэл, баримт бичиг бүрдүүлдэг. Бизнессменүүд зах зээлд өрсөлдөх хамаг цагаа төрийн нүсэр аппаратын өмнө яаж бизнесс явуулах гэж буйгаа тайлагнахад зарцуулдаг. Угтаа төрийн үндсэн үүрэг бол иргэдийн эрх чөлөөтэй байх эрхийг хэрэгжүүлэх. Тэд иргэдийн шударгаар мөнгө олох, бизнесс эрхлэх боломжийг олгох ёстой. Гэтэл төр Патернализм болж хувирсан байна. Иргэд төрд хүүхэд нь гадаа тоглохын тулд тоглох хамаг цагаа ааваасаа гуйж, юу хийх гэж байгаагаа нэг нэгэнгүй тайлбарлан зогсож буй нялх үр шиг л харагдаж байна. Патерналист төрийн бодлого татварын өндөр дарамт учруулдаг. Иргэд мөнгө олох нь буруу болж эхэлдэг. Мөнгө их олвол их л татвар төлнө. Робин Гүүд гээд хүүхэлдэйн киног хүн бүр үзсэн байх. Хүүхэлдэйн киноны ахмад бол яг л төрийн албан хаагчдын өнөөгийн нүүр царай, мэдээж хаан нь төр шүү дээ. Бодоод үздээ та өнөөдөр 100 төгрөгний орлого олсон бол нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгал, хүн амын орлогын албан татварт хамаг орлого чинь явчихна, худалдан авсан бараа бүхэнд чинь НӨАТ шингэсэн байна. Татвараар хэдэн зуун тэр бумыг төр төсөвт төвлөрүүлээд түүнийхээ талыг нь буцаагаад халамжийн системээр тараачихна, үлдсэн талыг нь нүсэр бүтэц бүхий захиргааны зардалдаа шингээнэ. 2010 оны төсвийн нийт зарлага 2,785.4 тэр бум болж нийт алдагдал 358.6 тэрбум төгрөгт хүрсэн нь Патерналист, буянлаг / Welfare state / төрийн бодлогыг харуулж байгаа юм. 1980-аад онд Корпоратист болон Патерналист буянлаг төрийн бодлого нь эдийн засгийн томоохон алдагдалд хүргэж ажилгүйдэл, ядуурлын түвшин эрс нэмэгдсэн Шинэ Зеландыг бид санаж байгаа байх. Мөн 1980-аад оны АНУ, Англи гэх мэт өөр олон жишээг дурьдаж болох юм. Хууль тогтоогчид өөрсдөдөө төсөв хуваарьлан дахин сонгогдох увиагүй бодлого баримтлаж, хүч түрэмгийлэн шийдсэн нь 1960-аад оны ЗХУ-ыг санагдуулам. Энэ мэт төр зах зээлийн үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцох / этатист /, их татвар, их халамж / Буянлаг төрийн үзэл /-ийн бодлого баримтлах нь Ардчилсан, чөлөөт зах зээлийн системээс ухарч, Социал демократ нийгмийг чиг шугамаа болгож Азийн авторитари капитализмыг бүтээх эрин үе рүүгээ яваад байх шиг.