Уянгалаг дуу хөгжим сонсоод шаргалтан харагдах навчисын дор бодолхийлэн алхах тэр л мөчид ганцаардлын тухай бодно. Бяцхан гуниглалд яагаад хүн бүр дуртай байдаг талаар өөрөө өөрөөсөө олон зүйл нуршин асууна.
Санаж байгаа бол амьдралд бичсэн захидал өгүүллэгийг бичээд даруй нилээд хэдэн жилийг үджээ. Магадгүй тэр л цаг мөчид хамгийн их ганцаардсан мэт. Заримдаа ганцаардал хүмүүст зориг хүч, айдас хүйдэс, баяр баясал, гуниг гутралыг авчирдаг ч юм шиг. Заримдаа ганцаардал хүнд дахин дахин блогоо хөтлөхийг уриалдаг ч юм шиг. Заримдаа ганцаардал хүнд шинжлэх ухааны шинэ шинэ ойлголтуудыг авчирдаг ч юм шиг.
Яг одоо би ганцаардаж байна. Тиймээс ч блогоо дахин хөтлөж байна.
Сэтгэл судлаач Серматын тодорхойлсноор ганцаардал нь сэтгэлийн тайван бус байдал, танин мэдэхүйн сэдэл, зан үйлээр илэрдэг гэж үзжээ.
Хүн олон талаар ганцаарддаг. Нийгмийн хувьд тодорхой үзэл бодол, үзэл санааны хувьд ганцаардалд ордог бол сэтгэл хөдлөлийн хувьд харилцааны явцад ганцаардалд ордог. Харин би аль аль ганцаардалд автсанаа та бүхэнтэй хуваалцаж байна.
Үзэл санааны ганцаардал.
Нэгэн цагт объективист, индивидуалистуудыг нийгмийн зүгээс хамт олон, найз нөхөд гээд үзэл санааных нь хувьд ганцаардуулж байсан цаг саяхан.
Объективизмд ямар нэг байдлаар найз нөхөд, багш, шавь, ээж, хүү, ах, дүү гэхээс илүүтэй агуулга чухал. Тиймээс ч объективизмд чи хэн байх, тухайн асуудалд хэн өртөх зэрэг нь төдийлөн ач холбогдолтой зүйл биш юм.
10 жилийн бяцхан шар хүү сургуулиа төгсөөд хуульч хэмээх эрхэм мэргэжлийг эзэмшихдээ гагцхүү объектив байр суурьнаас хандахыг л сургасан. Гэтэл объектив байх тухай, нүд, чихгүй байх тухай зааж сургасан багш маань төгссөн сургуулиа, өссөн орчноо мууллаа гэх зэргээр элдвээр хэлэн, цагдаад хүртэл өгч нэр хүнд унагаасан гэж үзсэн нь саяхан. Иймээс л объективизм бол эцсийн дүндээ хэн ч чамд чамайг хараад инээсэн мөртлөө цааш харж муулахад хүргэдэг гэж дүгнэхэд хүргэсэн юм. Харамсалтай нь объектив шүүмжлэлд хэн нь ч анхаарал хандуулаагүй билээ.
Хамт олон, найз нөхөд нь ганц хундага өргөхийг хүсч, шахаж, шаардаж улмаар хэрүүл үүсгэдэг коллективизм саяханыг болтол амь бөх оршсоор л байсан билээ. Хэн нэгнийгээ дургүй зүйлд нь хүчээр авч явж, дургүй зүйлийг нь хийлгүүлж, тэгсэн хэрнээ найз нөхөд гэж яваад нь ичмээр ч юм шиг. Мөн л бие хүний хараат бус байдлын тухай номловол хамт олон найз нөхрөөсөө хөндийрөх мэт.
Миний амьдрал дээрх замыг туулаад бараг 10-аад жил өнгөрчээ. 10 жилийн ганцаардал маань зөвхөн номтой нөхөрлөх эхлэлийг тавьсан нь сайн хэрэг.
Сэтгэл хөдлөлийн ганцаардал
Зүрх сэтгэл бол хоосон сав юм. Түүнд мэдрэмжүүд орч гарч байдаг. Чи ямар мэдрэмж мэдэрнэ. Тийм л мэдрэмжээр сав дүүрэх тухай асуудал юм.
Хүмүүс гэр бүл, хань ижил, ээж, аав, ах, дүү гээд гэр бүлийн орчиндоо мөн л коллективизм болон анимизм, стереотип-ийн үүднээс ганцаардалд ордог. Хайрласан ханийнхаа, өсгөсөн хүүгийнхээ, гэр бүлийнхнийхээ хүсэл мөрөөдөл, үзэл бодлыг нь хүлээн зөвшөөрөхгүйгээр түүнийг яг л өөр шигээ болгож хайрладаг. Бусдын сайн сайхны төлөө, тухайн хүнийгээ хайрлаж байгаа учраас л өөрчлөх гэж оролддог. Энэ бүхэн эцэстээ ганцаардлыг авчирдаг.
Заримдаа гэр бүл зөвхөн өмчлөх эрх шиг болдог. Тиймээс нөхрүүд эхнэрээсээ, эхнэр нь нөхрөөсөө виз авах тухай яриа өрнөх мэт. Гэр бүлтэй болсон хүмүүс найз нөхөд, ойр тойрныхноосоо хөндийрдөг. Ингээд л аз жаргалгүй, хүсэл мөрөөдөлгүй, нийгэмд програмчлагдсан өнөөх л амьдралаар амьдарсаар ганцаардана.
Хүн бүр болж бүтэхгүй амьдралын нугачаанд нухлагдан амьдрахдаа зөвхөн үүргийн үүднээс хандах нь бий. Харилцаад үзэхэд аль хэдийн ганцаардсан туйлдсан гаднаа сайхан инээсэн мишээсэн боловч цаанаа л гуниглан алхах нь харагдана.
Бид яагаад бие биенээ байгаагаар нь хүлээн авч, хүсэл мөрөөдөлд нь тусладаггүй юмаа гэхэд саад болохгүй амьдарч болдоггүй юм болоо. Яагаад хүн бүр ганцаардах ёстой гэж.
Гуниг дагуулан алхах тэр залуугийн харцанд ганцаардал тодоос тод харагдах шиг. Бухимдал, уураа өөрийнхөө нээсэн блог, фэйсбүүкт бичин хэзээ нэгэн цагт хэн нэгэн үзээсэй хэмээн битүүхэндээ найдан горьдох мэт. Өдөр бүр өөрийн тэмдэглэлээ бичин бусдаас нуухдаа өнөөх л стереотип болон уламжлалаас айх мэт.
No comments:
Post a Comment
setgegdel uldeeh