Нээлттэй мэтгэлцээний холбоонд хэлэх хэдэн үгс
Сайн байцгаана уу! Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе! Мэтгэлцээн бол залуучуудын иргэний боловсрол, нийгмийн идэвхи, оролцоог дээшлүүлж, ирээдүйн манлайлагчдыг бэлтгэх цогц хөтөлбөр юм. Дэлхий нийт залуучуудын оролцоо, хандлагыг нэмэх зорилгоор олон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдэгийн нэг нь Мэтгэлцээн хөтөлбөр юм. Мэтгэлцээн хувь хүний хөгжлийн үндэс болох хандлага, мэдлэг, ур чадварыг нэмэх ач холбогдолтой. Мэтгэлцээн хөтөлбөрт хамрагдсан залуучууд сонсох, унших, ярих, асуух чадварыг суралцахаас гадна хүлээцтэй байх, бусдыг хүндлэх зан чанарт суралцдаг юм. 1998 оноос Монгол улсад Соросын сангийн санхүүжилтээр мэтгэлцээн хөтөлбөр Карл поппер, парламентын мэтгэлцээн гэсэн үндсэн хоёр төрлөөр тухайн үеийн арван жилийн сургууль, их, дээд сургуулиудад хэрэгжиж хэдэн мянган залуусын мэдлэг, хандлага, ур чадварыг дээшлүүлсэн билээ. 1998 оноос хэрэгжсэн мэтгэлцээн хөтөлбөрийн санхүүжилт 2003 оноос зогссоны улмаас Нээлттэй Мэтгэлцээний Холбоо байгуулагдаж маш амжилттайгаар тус хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлж ирсэн юм. Харамсалтай нь одоо Нээлттэй Мэтгэлцээний Холбоо Хаалттай залуусын холбоо болоо юу даа гэх хардлагыг төрүүлж байна. Учир нь сүүлийн 2-3 жилд Нээлттэй Мэтгэлцээний Холбоо дорвитой ажил хийсэнгүй, мэтгэлцээний урлаг ямар нэг удирдлагагүй бодлогогүй хөгжсөөр хэрүүлийн бүлгэм болох дээр тулаад байна. Мэргэшсэн шүүгчгүй мэтгэлцээний тэмцээн нь өнөөдөр тэмцээнд оролцогч нь маргааш өөрөө тэмцээн зохиогоод шүүгээд явдаг болжээ. Нөгөө талаар мэтгэлцээний дүрэм, агуулга шинж чанар нь өөрчлөгдөж хувь хүний хөгжлийн биш саармагжилтын хөтөлбөр болоод байна. Учир нь мэтгэлцээнд бие биенээ хүндлэх, сонсох, бие биенээсээ суралцах, мэдлэгээ хуваалцах шинж алдагдаж улаа шагайсан хэдэн хүүхдүүдийн улс болж тоглодог тоглоом болон хувираад байна. Иймд Эрхэм Нээлттэй Мэтгэлцээний Холбооны ноён гүйцэтгэх захирал танд энэхүү захидалыг бичин сууна. Нээлттэй Мэтгэлцээний Холбоо хувь хүний өмч биш байгаасай. Нөгөө талаар Нээлттэй Мэтгэлцээний Холбоо урьд байсан шиг сайн үр дүн гаргаж ажиллаасай, нээлттэй байгаасай гэсэн үүднээс захидалаа мутарлан сууна. Нээлттэй Мэтгэлцээний Холбоо хэн нэгний нэрийн хуудсанд бичигддэг төрийн бус байгууллага бишээ. Хэн нэгний гүйцэтгэх захирал гэсэн албан тушаалын сэнтий ч биш. Харин олон мянган залуусын дуу хоолой, хөгжлийн дамжаа болсон олон нийтийн байгууллага юм. Миний бие Нээлттэй Мэтгэлцээний Холбоогоор дамжин өдий зэрэгтээ хүрсэн гэж боддог. Сүхбаатарын Эрдэнэболд, Бөхчулууны Энхболд гээд олон сайхан багш нарынхаа ачаар ч тодорхой чадварт суралцсан гэж боддогоо нуух юун. Надтай адилхан мянга, мянган залуус тухайн үеийн Нээлттэй Мэтгэлцээний Холбооны сургалтанд сууж өдий зэрэгтэй яваа гэхэд хэлсдэхгүй ээ.
Харин таныг гүйцэтгэх захирлын суудлыг авсанаас хойш энэ байгууллагын үүд хаалга нь хаалттай болж, үйл ажиллагаагүй, үр дүнгүй хэдэн хүмүүсийн амны зугаа боллоо. Би албан тушаал горилж суусандаа энэхүү захидлыг бичсэнгүй ээ, төлөвшиж хүмүүжсэн байгууллага маань нуран унахыг хараад харууссандаа үзэл бодлоо илэрхийлэн сууна.
Сүүлийн хоёр жил мэтгэлцээний тэмцээнийг шүүж явсаны хувьд энэ мэтгэлцээний урлаг сүйрч байгааг хараад зүгээр суухыг хүссэнгүй харин таныг мэлмийгээ дэлгээд урьд буй замаа хараачээ гэж хүсэж байна.
Миний энэхүү захидлыг уншаад надад өсөрхөх бус ирээдүйн замаа харж харанхуй байгаа Нээлттэй Мэтгэлцээний Холбооны хонгилд нэг ч гэсэн лаа асаагаарай.
Миний үг мянга мянган мэтгэлцэгчийн зүрх сэтгэлтэй цуг таны оюун бодолд нэгийг бодогдуулан хоёр тунгаах зурвас болон хүрнэ гэдэгт найдаж байна.
Нээлттэй Мэтгэлцээний Холбооны үйл ажиллагаа сэргэж мянга мянган залуусын дуу хоолой, индэр нь болж Монгол улсын залуучуудын хөгжилд үнэтэй хувь нэмэрээ хэдэн зуун жил оруулна гэдэг итгэж байна. Таны ажилд амжилт хүсье.
Нээлттэй Мэтгэлцээний Холбоо Монголын Залуучуудын Холбоо шиг залхуу биш, Монголын Оюутны Холбоо улс төрч биш зөвхөн хувь хүний хөгжлийн төлөө байгаасай.
Бид он цагийн эрхэнд мэтгэлцээн хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж байгаа үед дахин магтаалын захидлаар уулзана гэдэгт итгэлтэй байна.
No comments:
Post a Comment
setgegdel uldeeh