Ардчилсан нам социалистуудаар бүрхсэн нь эхлэл

Ардчилсан нам социалистуудаар бүрхсэн нь эхлэл

Социалистууд бурханы дүрд тоглохыг хүсдэг. Ф.Бастиа

Азийн цээжинд цус асгалгүйгээр төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн эдийн засаг руу, Социализмаас Ардчилсан нийгэм рүү шилжсэн цорын ганц улс бол Монгол юм. Монголчууд бид хүний эрх, эрх чөлөө, хувийн өмчийг баталгаажуулж, олон намын системийг бий болгож, хүн бүр төрийн үйл хэрэгт шууд буюу төлөөллөөрөө дамжуулан оролцох эрхийг Үндсэн хуулиараа тэртээ 1992 онд тунхагласан билээ. Олон намын систем бий болсоны ачаар Ардчилсан үзэл баримтлалтай олон нам байгуулагдсаны нэг нь Ардчилсан нам юм. Ардчилсан нам, ардчилсан хөдөлгөөн өрнөсөн 20 жилд Ардчилал, эрх, эрх чөлөөний дууч болж, иргэд төрийн гүүр болж явсан нь бахархууштай. Гэвч сүүлийн жилүүдэд гаргаж буй Ардчилсан намын үйлдэл, нам доторх бизнессийн бүлэглэлээс өнөөдөр Ардчилсан нам Ардчилалтай байж чадаж байна уу? гэх асуултыг асуухад хүргэсэн юм. Ардчилсан нам Ардчилалгүй болжээ. Аливаа нам нь өөрийн үнэт зүйлс бүхий үнэлэмжтэй байдгаараа бизнессийн бүлэглэлээс ялгагддаг. Улс төрийн хүчин бол бизнессийн бүлэглэл биш, энэ бол ашгийн бус байгууллага. Нөгөө талаар намд гишүүнээр элссэнийхээ төлөө ямар нэг татаас төлдөггүй нь сайн дурын шинжтэй иргэний нийгмийн байгууллагыг илэрхийлдэг юм. Монголд байгаа улс төрийн хүчнүүдээс дээрх шинжийг агуулсан нь Ардчилсан нам хэмээн би хувьдаа боддог байлаа. Харамсалтай нь одоо тийм биш болжээ. Ардчилсан нам Ардчилалгүй болж, бизнессийн бүлэглэл, томоохон корпорациас ялгагдах зүйл огт үгүй болжээ. Ардчилал бол Ард түмний төлөө, Ард түмнээс бүрдсэн, Ард түмний засаглал мөн хэмээн А.Линкольн тодорхойлсон байдаг. Ардчилалын үнэт зүйлс бол чөлөөт, шударга сонгууль байдаг. Кремельд байгаа эрх чөлөөг саарал ордонд, саарал ордонд байгаа эрх чөлөөг таны гарт авчрах болно хэмээж амлаж байсан Ардчилсан нам өнөөдөр иргэдийн гарт эрх чөлөөг нь бус МАХН-тай хуйвалдан тохиролцож сонгуулийг луйвар болгож, сонгогчдыг басан доромжилсоныг үзвэл Ардчилсан нам ардчилалгүй болжээ хэмээх дүгнэлтэд хүрч байна. Ардчилсан нам намынхаа үзэл баримтлалын эсрэг бодлогыг хэрэгжүүлж байна. Буянлаг төрийн үзэл бол Социал демократ үзэл гэдгийг хүн бүр мэддэг. Ардчилсан социалист үзэл бол либертари үзэл биш гэдгийг судлаачид хэлдэг. Гэвч нийгмийн даатгалын хувийг нэмж, тэтгэвэрийг нэмсэнээр хуучин социалист даатгалын тогтолцоо руугаа буцаж байгаа үйлдлийг харвал Ардчилсан намд социалистууд бүгжээ хэмээхэд хүргэж байна. Ардчилалд улс төрийн нам бол иргэний нийгмийн байгуулал байдаг. Өнөөдөр Ардчилсан нам бол бизнессийн бүлэглэл болжээ. Алтан гадас, Ардчилсан холбоо гээд олон фракциудыг бизнессменүүд толгойлон бэлтгэгдсэн улс төрч байхгүй байгаа нь өнөөдөр олигархижсан нам болгоход хүргээд байна.

No comments:

Post a Comment

setgegdel uldeeh