Би хайрын найрагчаа
Гунигийн бороонд зүсрэхдээ
өврийн дэвтрээ нээж
Гутарч туйлдсан санаашралаа
шүлгэн бичилтэнд буулгаж
Хайрын зовлонд автахдаа
нулимсаа тэрлэн мөрлөж
Хатуухан орчлонгийн наранд
энгэр юүгээн дэлдсэн би хайрын найрагчаа!
Говийн зэрэглээнд зүүдлэн
хайтан цэцгийн мөрөөдөхөд
Гомдох тунирхахын алинд ч
бодол юугаан дэлгэсэн
Үгийн сураар ороолгож
өөрийгөө зэмлэн суухдаа
Үнэнч ариухан сэтгэлээ
улан дороо гишгэсэн би хайрын найрагчаа!
Бүтэлгүй дурлалын араас
сэтгэл юүгээн шидлэхдээ
Бүрэнхий харанхуй орчлонг
дэнгийн гэрлээр чимсэн
Бүдэрч унаад ирэхэд
чимэглэл туяа минь алдагдавч
Гэнэ гэнэхэн найдвараа
эцэс төгсгөлгүй туйлшруулсан би хайрын найрагчаа!
Омголон морьны давхиаг
хулгана юугаан гүйцэхэд
Огторгуй ертөнцийн утга
хомгорлох хоргол мэт болно
Эхийн нандин халамжийг
хүү нь үгүйсгэн дулдуйдахад
Элбэрэл хайрын агуулга
хүчингүй мэт санагдсан би хайрын найрагчаа!
Ирээдүй цагийн аясанд
ухаан юугаан тэрлэхдээ
Энгүй тансаг байгалаан
мөр юүгээн холбосон
Эх дэлхийнхээ гайхамшигийг
хоёрхон жавхдасанд багтаахдаа
Энэ л биеэрээ зүтгье гэх би хайрын найрагчаа!
Анд нөхдийн холбоосоор
цагийг хөгжилтэй өнгөрүүлэхэд
Амаргүй даваа бүрийг
хатан зоригоор туулсан
Зугтаах ёсгүй тавьландаа
амьдралын баривчилгаанд ороход
Зуу дахь Чойномын дүр гэж
эрх чөлөөг хүсэмжилсэн би хайрын найрагчаа!
Ер нь бол би
хайр бүхний найрагч
Есөн эрдэнээс ч үнэтэй
халамж бүхний магтаалч
Өнгөрсөн борооны хойноос
цув нөмөрдөггүй найрагч
Өрөөсгөл болгоныг шүүмжлэх
реалист үзлийг дэлгэрүүлэгч
Би хайрын найрагчаа!
No comments:
Post a Comment
setgegdel uldeeh