Б.Чимид багшийн нэрэмжит
илтгэлийн уралдааны талаархи мэдээлэл
2010-01-12
Өмнөтгөл
Ардын багш, гавъяат хуульч, хууль зүйн доктор, профессор, төр, улс төр, нийгмийн зүтгэлтэн, соён гэгээрүүлэгч Ач Хариад Бяраагийн Чимид багшийн нэрэмжит эрдэм шинжилгээний илтгэлийн уралдааныг жил бүрийн 1 дүгээр сарын эхний 10 хоногт багтааж, Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Хууль зүйн үндэсний хүрээлэн, Удирдлагын Академи, МУИС-ийн Хууль зүйн сургууль, Шинжлэх ухааны Академийн Философи, социологи, эрх зүйн хүрээлэн, Нээлттэй Академи (ТББ) хамтран зохион байгуулж байхаар шийдвэрлэсэн билээ.
Үндсэн хуулийн эрх зүйн салбар дахь судалгаа, шинжилгээний ажлыг дэмжих, шүүх эрх мэдлийн болон хууль сахиулах байгууллагын ажилтан, сургалт, эрдэм шинжилгээний байгуулагын багш, оюутны эрдэм шинжилгээний ажлыг урамшуулах, тэдний бүтээлч сэтгэлгээ, шинжлэх ухаанч хандлагыг нэмэгдүүлэх, хууль зүйн шинжлэх ухааны болон бодлогын тулгамдаж буй зарим асуудлыг шийдвэрлэх арга замыг тодорхойлох нь уг уралдааны зорилго болой. Гэхдээ Үндсэн хуулийн эрх зүй, Үндсэн хуульт ёс, Үндсэн хуулийн суурин дээр эрх зүйн бусад салбарын асуудлыг ч хөндөж тавих бололцоотой юм. Энэхүү уралдааныг багш, судлаач, төрийн албан хаагч, хуульчдын ба оюутны гэсэн хоёр хүрээнд зохион байгуулж байгаа бөгөөд шүүгчдийн бүрэлдэхүүн, шалгаруулалтад ирүүлэх илтгэлд тавих шаардлага, илтгэлийн шалгуур, үнэлгээ, шагналыг тогтоосон журмыг дээрх байгууллагууд батлан гаргасан юм.
Б.Чимид багш улсыг удирдах, төрийг төвхнүүлэх, ардын үрийг сургаж боловсруулах, ард түмнийг уриалан сэнхрүүлэх, эрдэм судлалыг хөгжүүлэх чиглэлээр хоёр зууныг дамнан уйгагүй, шаргуу, үнэнчээр дайчин хөдөлмөрлөхдөө багш, Улсын Дээд шүүхийн дарга, Улсыг Их ба Бага Хурлын гишүүн, төрийн сайд, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын зөвлөх, Ардын Их Хурлын Тэргүүлэгч гишүүн бөгөөд хэлтсийн дарга зэрэг ажил эрхэлж Монгол Улсад Үндсэн хуульт ёсыг хөгжүүлэн бэхжүүлэхэд үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан, оруулсаар байна.
Профессор Б.Чимид өдгөө цаг дор Удирдлагын Академийн профессор, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Захиргааны эрх зүйн тэнхимийн профессор, Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн Эрдэмтэн, Нарийн бичгийн дарга, Философи, социологи, эрх зүйн хүрээлэнгийн Хууль зүйн судалгааны төвийн Захирал, Харьцуулсан эрх зүйн Монголын нийгэмлэгийн Ерөнхийлөгч, Хууль зүйн сургалт, судалгааны “Х” төвийн Тэргүүн, “Монгол Эрдэм” сургуулийн үүсгэн байгуулагч, зөвлөх зэрэг албыг эрхэлж, энэ завсраа олон ном, бүтээл туурвисаар байна. Ийм гавъяатай хүнийг алдаршуулж, хойч үе, залууст гүнзгий таниулах нь түүний нөөлөг дор ажиллаж буй бидний эрхэм санаа бөлгөө.
Энэ 2009 онд анхдугаар эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулсан бөгөөд 30 орчим илтгэл ирүүлснээс хоёр дахь шатанд 6 багш, ажилтан, 8 оюутан шалгарч илтгэлээ хэлэлцүүлсэн юм. Шалгарч байр эзэлсэн илтгэлийг эмхтгэн ном болгон Таны гар дээр тавьж байна. Шалгарсан илтгэгчдэд дахин баяр хүргэе. Цаашид улам олон илтгэл хэлэлцүүлэх байх гэж найдаж буйг энэ ялдамд илэрхийлье.
Энэ номыг бэлтгэн гаргах ажлыг эрхэлсэн Р.Мухийт, Х.Наранцацрал, Б.Цэрэнлхам нарт талархал илэрхийлж, амжилт хүсье. Уншигч, судлаачдад сонирхуулах үүднээс Б.Чимид докторын 1990-ээд оноос хойш бичсэн ном, өгүүлэл, тавьсан илтгэлээс түүвэрлэн жагсааж хавсаргасныг болгооно биз ээ.
Редактор Ж.Амарсанаа
Ардын багш, гавъяат хуульч, хууль зүйн доктор, профессор Бяраагийн Чимид багшийн нэрэмжит эрдэм шинжилгээний илтгэлийн уралдааныг жил бүрийн 1 дүгээр сарын эхний 10 хоногт багтааж, Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан
- Хууль зүйн үндэсний хүрээлэн,
- Удирдлагын Академи,
- МУИС-ийн Хууль зүйн сургууль,
- Шинжлэх ухааны Академийн Философи, социологи, эрх зүйн хүрээлэн,
- Нээлттэй Академи (ТББ) хамтран зохион байгуулж байхаар болсон билээ.
Анхдугаар эрдэм шинжилгээний хурлыг 2009 онд зохион байгуулсан бөгөөд 30 орчим илтгэл ирүүлснээс хоёр дахь шатанд 6 багш, ажилтан, 8 оюутан шалгарч илтгэлээ хэлэлцүүлсэн юм. Шалгарч байр эзэлсэн илтгэлийг эмхтгэн ном болгон хэвлэдэг.
2009 онд 13 судлаач оролцсоноос:
Тэргүүн байрыг МУИС-ХЗС-ийн Эрх зүй, төрийн онол-түүхийн тэнхмийн багш М.Батсуурь, Ч.Өнөрбаяр нар “Эрх зүйт ёсны үүднээс Үндсэн хуулийг авч үзэх нь” сэдвээр,
2-р байрыг Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн шүүгчийн туслах С.Өмирбек “Үндсэн хуулийн зөрчигдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үзэл санаа ба шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль дахь урамшуулалын гэрээ” сэдвээр,
3-р байрыг Их засаг их сургуулийн багш Ц.Мөнхбат “Онц байдал зарласан үе дэх мэдэх эрхийн зохицуулалт” сэдвээр,
Тусгай байрын шагналыг ТЕГ-ын Дээд сургуулийн багш Б.Түвшинжаргал “Бикамерализм буюу хоёр танхимт парламентын тухайд” сэдэвт илтгэл хэлэлцүүлж тус тус байр эзэлсэн.
2009 онд 17 оюутан оролцсоноос:
Тэргүүн байрыг МУИС-ийн Хууль зүйн сургууль, V анги Ө.Жамбалсүрэн “Шүүгч үү? Байцаагч уу?” сэдвээр,
2-байрыг МУИС-ийн Хууль зүйн сургууль, III анги М.Мөнхжаргал, Б.Мөнхсүлд нар “Үндсэн хуулийн цэцийн шийдвэр жишиг болох нь” сэдвээр,
3-р байрыг МУИС-ийн Хууль зүйн сургууль, III анги О.Алтантуяа “Хууль хэрэглах”: онол, практикийн асуудалд сэдвээр тус тус байр эзэлсэн.
2009 онд шүүгчээр МУИС-ийн ХЗС-ийн ЗЭЗТ-ийн эрхлэгч Д.Солонго, ХЗҮХ-ийн сургалтын төвийн эрхлэгч Г.Банзрагч, МӨХ-ны Дэд Ерөнхийлөгч С.Цэрэндорж, Нээлттэй Академийн Тэргүүн Х.Тэмүүжин нар оролцжээ.
2010 онд 9 судлаач оролцсоноос:
( НЦГ-ын Гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн хэргийн газрын үзлэгийн чиглэлийн ахлах мэргэжилтэн, дэд хурандаа-1, Хэнтий аймгийн Бор-Өндөр дэх Өмгөөлөгчдийн зөвлөлд өмгөөлөгч -1, Хэнтий Хэрлэн сум, ЦГ-2, Өмнөговь аймгийн ЗДТГ, Цагдаагийн хэлтэс-1, Японы хүүхдийг ивээх сан-1, Цагдаагийн Академийн ИЗЭТ-ийн багш-2, ХЗҮХ-1)
Тэргүүн байрыг НЦГ-ын Гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн хэргийн газрын үзлэгийн чиглэлийн ахлах мэргэжилтэн, дэд хурандаа Б.Жаргалсайхан “Эрүүгийн хэрэг үүсгэх шатанд байцаан шийтгэх зарим ажиллагааг хэрэгжүүлэх” сэдвээр,
2-р байрыг Японы хүүхдийг ивээх сан Н.Энхцэцэг “Цэвэр абстракт хяналт ба МУҮХ-ийн хяналтын систем: Харьцуулсан судалгаа” сэдвээр,
3-р байрыг ТЕГ-ын Дээд сургуулийн багш Б.Даваажав “Шүүх хурадлааны аюулгүй байдал ба шүүх хурадлаан нээлттэй явуулах хууль зүйн харилцан хамаарлын зарим асуудал” сэдвээр,
Тусгай байрын шагналыг Хэнтий Хэрлэн сум, ЦГ Б.Эрдэнэсүрэн “Сонгуулийн холбогдолтой хэрэг маргааныг шийдвэрлэх ажиллагааг боловсронгуй болгох зарим асуудал” сэдэвт илтгэл хэлэлцүүлж тус тус байр эзэлсэн.
2010 онд 20 оюутан оролцсоноос:
(МУИС-ХЗС-14, Шихихутуг -2, Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургууль-1, Чингис хаан ДС-1, Монголын Үндэсний ДС-1, Үндэсний тагнуулийн академи-1.)
Тэргүүн байрыг МУИС-ийн Хууль зүйн сургууль, IV анги О.Мөнхцэцэг “Үндсэн хуулийг тайлбарлах цорын ганц субъект цэц мөн үү?” сэдвээр,
2-байрыг МУИС-ийн Хууль зүйн сургууль, IV анги М.Мөнхжаргал, “Хүний эрхийг хангах шүүх эрх мэдлийн зарим асуудал” сэдвээр,
3-р байрыг МУИС-ийн Хууль зүйн сургууль, III анги П.Баттулга “ҮХ-т ёсны төлөвшилтөд ердийн боон дагнасан шүүхийн оролцоо, түүнийг нэмэгдүүлэх нь” сэдвээр тус тус эзэлсэн.
Тусгай байрын шагналыг МУИС-ийн Хууль зүйн сургууль, Б.Баасандорж “Referenda”, МУИС-ийн Хууль зүйн сургууль, V анги Б.Эрхэмбаяр “Эрх зүйн зохих ёсны процесс-Монгол улсад”, МУИС-ийн Хууль зүйн сургууль, II анги С.Дорждулам “Үндсэн хуулийн шүүхээс хүний эрхийг хангах ажиллагаа” сэдвээр тус тус байр эзэлсэн.
2010 онд Шүүгчээр МУИС-ийн ХЗС-ийн ЗЭЗТ-ийн эрхлэгч Д.Солонго, МӨХ-ны Өмгөөлөгч С.Цэрэндорж, Нээлттэй Академийн Тэргүүн Х.Тэмүүжин нар оролцов.
No comments:
Post a Comment
setgegdel uldeeh