Ардчилсан социализмын тухай товчхон

Ардчилсан социалист үзлийн талаарх мэдээллийг хайж хайж МАХН-ын сайтад тавигдсан байсныг татаж толилуулж байгаа юм. Миний бие либерал үзэлтэй ч Ардчилсан социалистуудын өөрсдийн үзэл бодлоо хамгаалсан, сурталчилсан мэдээллийг оруулж байгаа нь Ардчилсан социализмыг либерализмтай харьцуулаасай гэсэн үүднээс бичсэн болно. Миний нийтлэлүүд Либерализмд тулгуурлагддаг учир харьцуулах боломж олгоно гэж найдаж байна.

Ардчилсан социализмын тухай товчхон

Ардчилсан социализм бол хүн төрлөхтний одоо ба ирээдүйг тодорхойлох үзэл юм. Ардчилсан социализм бол XX зуунд гэнэт гараад ирсэн үзэл биш юм. Тэрбээр хүн төрлөхтний бүгдээрээ сайхан амьдрах тухай олон зууны мөрөөдлийн үр дүнд буй болсон оюуны их ололтод тулгуурласан юм. Өнөөдөр манай амьдралд буй болж, бидний сэтгэл санааг шаналгаж буй бүхий л сөрөг үзэгдэл хөрөнгөтний нийгэмд шилжсэн бусад орнуудад ч гарч байсан хэрэг. Ийм нөхцөлд оршин буй нийгмийг хэрхэн өөрчилж, сайн сайхан зүйлийг нь хадгалан, муу муухайг нь хэрхэн арилгах вэ? гэсэн асуулт сэтгэгчдийн өмнө дэвшин гарч ирсний хариулт нь ардчилсан социалист үзэл санаа юм. Ардчилсан социализм бол бүх нийтийн сайн сайхны төлөө үзэл. Тэрбээр нийгмийн нэг анги бүлгийг онцгойлон үздэггүй. Нийгмийн ямар ч анги бүлэг улс төр, эдийн засаг, нийгэм-соёлын хүрээнд бусадтайгаа ижилхэн тэгш эрх, эрх чөлөөгөөр хангагдсан байх учиртай гэж үздэг. Ардчилсан социалист үзэл бүх ард түмний эрх ашгийг чухалчилсан дээрх шинжээрээ улс төрийн бусад үзлээс ялгаатай юм. Ардчилсан социализм ийнхүү нийтлэг шинжтэй болохоороо тухайн нийгэмд эрх нь зөрчигдөж, шударга бус явдлын золиос болж байгаа бүхний төлөө юуны өмнө тэмцдэг учраас нийгмийн доод, дунд хэсэгт илүү анхаарал тавих болдог байна. Ардчилсан социализм бол үндэсний эвлэрэл, хүмүүнлэг харилцааны үзэл мөн. Ардчилсан социалист үзэл санааг баримтлагчид оршин буй зах зээлийн нийгмийн сөрөг талыг хувьслын замаар аажим арилгаж нийгмийг илүү хүмүүнлэг эвсэг, хүмүүсийн хоорондын харилцааг илүү хүнлэг, элэгсэг болгож болно гэж үздэг. Тиймээс хувьсгалт хүчирхийллийг нийгмийг хөгжүүлэх аргын хувьд үгүйсгэнэ. / нийгмийн хамгааллыг сайжруулах хууль гаргуулах мэтээр/. Иймд ардчилсан социалистууд ард түмний зөвшил, эвлэрэлийг нийгмийг сайжруулах үйл ажиллагааныхаа гол арга болгодог болно. Ардчилсан социалистууд нийгмийн гишүүд эв санааны нэгдэлтэй байх ёстой гэж үздэг. Энэ бол ядуу дорой хүмүүсийг бөөцийлөх тухай яриа биш. Хүн авъяас чадвараа нээж хүчин зүтгэлээрээ сайн сайхан амьдрахын тулд сурах боловсрох, эрүүл байх бололцоогоор бусадтай адил хангагдсан байх тухай үзэл юм. Ардчилсан социализм бол хүний мөн чанарт нийцсэн нийгмийн шинж чанарын үзэл мөн. Хүний шинж чанар байгаль, нийгмийн гэсэн хоёр талтай байдаг ч хүний нийгмийн зохион байгуулалтад ч бас тусгалаа олж байх учиртай юм. Хүний байгалийн гэж бидний нэрлээд байгаа зүйл нь түүний амьд явах, аюулгүй байх, орон гэртэй байх, хооллох зэрэг олон тооны материаллаг болон оюуны хэрэгцээгээр илэрхийлэгдэж байдаг. Түүнээс гадна хүнд аль нэг үндэстэнд хамрагдах, улсынхаа иргэн байх, улс үндэсээ хамгаалах, хөгжүүлэх, нийгмээ аюулгүй байлгах, бусдыг өрөвдөх, хайрлах зэрэг нийгмийн шинжийг илтгэсэн олон өөр хэрэгцээ бий. Хүний эдгээр бүх хэрэгцээ нь түүний хувийн сонирхолд тусгалаа олж байдаг. Эдгээр байдлаас үүдэн нийгэмд шударга бус явдал гарах, зөрчил тэмцэл үүсч тогтвортой байдал алдагдахад хүрнэ. Тиймээс нийтлэг хэрэгцээг хангах хэрэгсэл хэрэгтэй болдог. Хүн төрлөхтөн түүхэн туршлагаараа олсон ийм хэрэгсэл бол төрийн зохицуулалт юм. Тиймээс зах зээлийн арга хэрэгсэл, төрийн оролцоог ухаалаг хослуулан нийгмийн амьдралын бүхий л талыг жигд хөгжүүлэх нь чухал юм. Ардчилсан социализмын дээрх шинжүүд нь түүний гол уриа болох эрх чөлөө, шударга ёс, эв санааны нэгдэл гэсэн зарчмуудаар нь тодорхойлогдож байдаг билээ. Эдгээр зарчмуудын аль нэгийг нь онцлохгүй гурвуулаа өөр хоорондоо уялдаа холбоотой байж нэг нь бусдынхаа хэрэгжих нөхцлийг бүрэлдүүлж байдаг хэмээн үзнэ. Тэрчлэн эдгээр зарчмууд ардчилалтай амин чухал холбоотой болно. Тухайлбал эрх чөлөө, шударга ёс, эв нэгдэлд суурилахгүй ардчилал гэж байхгүй юм.

No comments:

Post a Comment

setgegdel uldeeh